Нүүр хуудас Эдийн засаг Манай улсаас импортлох НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ-г нэмэгдүүлнэ

Манай улсаас импортлох НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ-г нэмэгдүүлнэ

150
0
Манай улсаас импортлох НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ-г нэмэгдүүлнэ

Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ гэв. БНХАУ-ын Fenwei Energy судалгааны байгууллагаас 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Дэлхийн коксжих нүүрсний нөөц болон зах зээл” сэдэвт олон улсын чуулга уулзалт боллоо.

Хуралдаанаар БНХАУ-ын макро эдийн засаг, гангийн болон коксжих нүүрсний зах зээл, олон улсын коксжих нүүрсний зах зээлийн талаар Хятадын “Fenwei Energy information services” компани, Төрийн мэдээллийн төвийн Макро эдийн засгийн судалгааны алба, Үндэсний нүүрсний Ассоциацын бодлогын судалгааны алба, Ган төмөрлөгийн ассоциаци зэрэг томоохон байгууллагуудынх нь төлөөлөл болон нүүрс судалгааны Fenwei Platts байгууллагаас илтгэл тавьсан юм.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2017 онд 6.5 хувьтай, дэлхийн эдийн засаг 3.1-3.4 хувьтай байх төлөвтэй байна. Хятадын төрөөс эдийн засгийг дунд зэргийн өсөлттэйгээр тогтвортой хөгжүүлэх бодлого (“New Normal Policy”) баримтлан, шинэчлэл хийх 300 процедур боловсруулан ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн 2013-2015 онуудад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт бага, гангийн үйлдвэрлэлийн нийлүүлэлт их байсан бөгөөд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх болон байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор төрөөс гангийн салбарын бүтцийн шинэчлэл хийх шийдвэр гаргасныг хуралдааны үеэр онцоллоо.

Шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн өдрийг 330 өдрөөс 276 өдөр болгон бууруулах, жижиг оврын өрсөлдөх чадвар муутай үйлдвэрүүдийг хаах, байгаль орчны тухай шинэ хууль гаргаж, үйлдвэрүүдэд байгаль орчны шинэ стандартын дагуу зөвшөөрөл олгож эхлэх зэрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна.

Уг шийдвэрийн үр дүнд 2016 онд гангийн үйлдвэрлэлийг 15 сая тонноор бууруулсан нь зах зээлд хомсдол үүсгэжээ. Цаашид 2017 онд 50 сая тонноор, 2017-2020 онд (13 дахь 5 жилийн төлөвлөгөө) нийт 140 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ингэснээр гангийн үйлдвэрлэгчид олон нийлүүлэгчидтэй харилцах чиглэл баримтлан ажиллах бөгөөд Монгол Улс, АНУ, Канад, Орос зэрэг улсаас импортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг багасгахтай холбогдуулан коксжих нүүрсний нийлүүлэлт мөн 150 сая тонноор багасгах төлөвлөгөөтэй ч үнийн хувьд 2017 онд харьцангуй тогтвортой байх төлөвтэй гэж үзэж байгаагаа салбарын мэргэжилтнүүд мэдэгдэж байна.

Австрали Улсад тохиолдсон үерийн гамшгаас болж хэд хэдэн төмөр замын үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа бөгөөд үүнээс шалтгаалан дэлхийн нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэх төлөвтэй байна.

Уг байдал богино хугацаанд буюу 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн таван 7 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тухай хурлын үеэр яригдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here