Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 12, олборлолтоор 17, хүдрийн экспортоор 5-д

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 12, олборлолтоор 17, хүдрийн экспортоор 5-д

862
0

Дэлхийн зэсийн салбарын эрэлт, нийлүүлэлтэд Чили, БНХАУ голлох нөлөө үзүүлж байна. Тухайлбал Чили зэсийн нөөц, олборлолтоор тэргүүлж, 2016 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч буюу хүдэр, цэвэршүүлсэн зэсийн импортоор тэргүүлдэг.

Зэс цэвэршүүлэлтээр БНХАУ, Чили Япон Улс тэргүүлдэг бол цэвэршүүлсэн зэсийн экспортоор Чили, Замби улсууд тэргүүлж байна. Зэсийн арилжаа хийгддэг үндсэн биржүүд нь АНУ-ын Comex, ИБУИНВУ-ын LME, БНХАУ-ын SHFE байдаг. Дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн төлөвлөгөөний дагуу 2017-2021 онуудад зэсийн нийлүүлэлтийн хэмжээ жилд дунджаар 0.5 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн зэсийн эрэлт 2016 онд 23.4 сая тонн байж, үүний 45 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлсэн. Тус улсын 2020 он хүртэл баримтлах эрчим хүчний салбарын шинэчлэл, хотжилтыг дэмжих, хуучин орон сууцыг шинэчлэх зэрэг бодлогоос шалтгаалан БНХАУ-ын зэсийн эрэлт 2017 онд 4 хувиар, 2020 он хүртэл жил бүр 2 хувиар өсөх хүлээлттэй байна.

Мөн Евро бүсийн орнуудын зэсийн хэрэглээ барилга, автомашины үйлдвэрлэлийн салбарт өсөх төсөөлөлтэй байна.

Чили болон Индонези Улсад орших дэлхийн хамгийн том уурхайнуудад саатал гарсан, БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан, Лондонгийн металлын биржийн агуулахын нөөцийн хэмжээ сүүлийн 20 жилд байгаагүйгээр нэмэгдсэн, АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНБ) бодлогын хүүгээ өсгөсөн зэрэг нь зэсийн үнэ сүүлийн саруудад хэлбэлзэхэд нөлөөлөв.

Олон улсын шинжээчид 2017 онд зэсийн үнэ буурч, 1 тонн зэс 5500 ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь нийлүүлэлт эрэлтийн хэмжээнээс 160 мянган тонноор илүү байх төсөөлөл, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон баримталж буй бодлого, АНУ-ын ХНБ-наас бодлогын хүүгээ 2017 онд дахин 2 удаа өсгөх магадлал, агуулах дахь зэсийн нөөцийн хэмжээ хурдацтай өсч буй зэргээс шалтгаалж байна. Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орнууд зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой. Зэсийн салбар нь 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн. Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой” ХХК, 30 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг.

Үнийн бууралтаас үүдэн 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байна. Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байна.

Дэлхийд тэргүүлэх 10 уурхай /2016 он/

Уурхайн нэр Байршил Эзэмшил Хүчин чадал /мян.тонн/
1 Escondida Чили BHP Billiton (58%), Rio Tinto (30%),

Japan Escondida (12%)

1,200
2 Grasberg Индонези Freeport, Rio Tinto 780
3 Morenci АНУ Freeport (85%), Sumitomo (15%) 520
4 Buenavista del Cobre Мексик Grupo Mexico 510
5 Collahuasi Чили Anglo American (44%), Glencore (44%),

Mitsui (8%), JX Holdings (4%)

500
6 El Teniente Чили Codelco 452
7 Antamina Перу BHP Billiton (34%), Teck (22%),

Glencore (34%), Mitsubishi (10%)

450
8 Los Bronces Чили Anglo American (50%), Mitsubishi (20%),

Codelco (20%), Mutsui (10%)

435
9 Polar Division ОХУ NonIsk Nickel 430
10 Los Pelambres Чили Antofagasta (60%), Nippon mining (25%),

Mitsubishi (15%)

420

Зэс хайлуулах тэргүүлэх 10 үйлдвэр /2014 он/

Үйлдвэрийн нэр Байршил Эзэмшил Хүчин чадал

/мян.тонн/

1 Guixi БНХАУ Jiangxi Copper Corp. 900
2 Jinchuan БНХАУ Jinchuan Non-Ferrous Metal 650
3 Chuquicamata Чили Codelco 600
4 Daye/ Hubei БНХАУ Daye Non-Ferrous Metals 600
5 Yunnan Copper БНХАУ Yunnan Copper Industry Group (64.8%) 500
6 Birla Copper Энэтхэг Birla Group Hidalco 500
7 Pishma Refinery ОХУ UMMC (Urals Mining & Metallurgical) 460
8 Toyo/Niihama Япон Sumitomo Metal Mining 450
9 Amarillo АНУ Grupo Mexico 450
10 Onsan Refinery БНСУ LS-Nikko (LS, Nippon Mining) 440

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here