Нүүр хуудас Эдийн засаг ОХУ, БНХАУ-руу гурилан бүтээгдэхүүн гаргахад гаалийн шинжилгээ хийж 3 сар хүлээлгэдэг.

ОХУ, БНХАУ-руу гурилан бүтээгдэхүүн гаргахад гаалийн шинжилгээ хийж 3 сар хүлээлгэдэг.

383
0

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Хүнсний ногоо, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9-р сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулна.

Салбар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд : “Үндэсний чуулганаар дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг бүрдүүлж, нийт 14 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хүнс үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамтдаа хэлэлцэх болно.

Үндэсний чуулганы ач холбогдлгы нэмэгдүүлэхээр чуулганы өмнө 3 салбар хуралдаан зохион байгуулж байгаа бөгөөд мах, махан бүтээгдэхүүн, өндөг үйлдвэрлэгчдийн болон сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар өнгөрсөн 2 өдөр хэлэлцлээ.

Өнөөдөр төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлдэг 470 хоршоо, аж ахуйн нэгж, 35 мянган өрх болон гурилын 60 үйлдвэр, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 870 аж ахуйн нэгж, иргэдийг төлөөлөн оролцож буй та бид салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замаа харилцан ярилцана.

Цаашид төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад салбарын төрийн болон ТББ, олон улсын хөтөлбөр, төслийн байгууллагын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоо чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм,  хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нар хуралдааны модератороор ажилласан юм. Уг салбар хуралдаанаар “Төрөөс төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Гурил, гоймон үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Талх, гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Зөгийн аж ахуйд тулгамдаж буй асуудал”  зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өнөөдрийн салбар хуралдаанд гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зөгий үржүүлэгч, төмс, хүнсний ногоо тариалагч компаниудын төлөөлөл оролцсон юм.

Салбар хуралдаанд оролцогчид ямар асуудал салбарын өмнө тулгамдаад байгаа болон хүнсний аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийллээ.

-Энэ зун гантай байснаас шалтгаалж 270 орчим мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд ирэх жилийн хэрэглээнд 200 гаруй мянган тонн буудай дутах учир үүнийг ОХУ-аас нөхөж авахаар тооцоо хийж байгаа аж.

-Хүнсний эмзэг бүтээгдэхүүний нэг болох бялуу үйлдвэрлэлийн салбарт далд үйлдвэрлэл идэвхжиж, үүнийг хянаж чадахгүй байгаагаас хэн, хэзээ үйлдвэрлэсэн, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн ихэссэн. Орц, найрлага нь ямар байгааг мэдэх боломжгүй.

-ОХУ, БНХАУ руу гурилан бүтээгдэхүүн гаргахад гаалийн татвар нь 34 хувь. Маш өндөр өртөгтэй. БНХАУ руу гурилан бүтээгдэхүүн гаргахад хил, гаалийн шинжилгээ хийж 3 сар хүлээлгэдэг.

-Зөгийн аж ахуй сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байна. Дотоодын балны хэрэгцээний 30 хувийг экологийн цэвэр балаар хангаж байгаа. Үлдсэн хувийг гаднаас оруулж ирсэн импортын балаар хангадаг боловч импортын балны хамгийн дээд зэрэглэлийнх нь орц найрлагад 70 хувь нь цэвэр бал, үлдсэн нь орлуулагч байдаг. Ихэнх хямд бал нь цэвэр зөгийн бал биш, орлуулагч. Монголчууд зөгийн балны чанарыг сайн мэддэггүйгээс ихэвчлэн хямд үнэтэй орлуулагч хэрэглэдэг.

-Агуулах, зоорь хангалтгүй, стандарт, хяналт байдаггүйгээс захууд хүнсний ногоог 00-ийн өрөөнд хадгалж байна. Хүнсний аюулгүй байдлыг агуулах, зоориос эхлэх хэрэгтэй.

-Хүнсний ногоог импортлохыг зогсоох хэрэгтэй. Гаднаас хүнсний ногоо ихээр авдаг болсноос хавдрын өвчлөл нэмэгдсэн.

-Төмсийг стратегийн хүнсэд тооцож, дотоодын хэрэгцээгээ 100 хувь өөрсдөө хангая.

-Буудайн үнийг төр, засгаас тогтоох нь буруу. Зах зээлийн үнэ ханшаар тогтоодог байя.

-Буудайн аюулгүйн нөөцийг бүрдүүлдэг байя. Дор хаяж 100 мянган тонн буудай нөөцлөх хэрэгтэй. Дутууг ОХУ-аас авч нөөцөлье.

-Чингис бондын мөнгөнөөс хүлэмжийн аж ахуйг дэмжсэн нь маш чухал шийдвэр болсон. Харин эргэн төлөлтийн хугацааг сунгах талаар анхаарах.

-Ногоочид “Барс” захын мэдлийн хүмүүс шиг, тэдний аясаар байдаг болсон. “Барс” захын удирдлагууд зөвхөн БНХАУ-аас жимс, ногоо оруулж ирж борлуулах сонирхолтой. Хүнсний захаа Хятадын мэдэлд алдсан. Үүнд анхаарах. Борлуулалтын нэгдсэн систем чухал.

-Энэ зун гантай, дараа нь хүчтэй мөндөр орсноос болж хүнсний ногоо тарьсан айлууд ургацаа алдсан учир хүнсний ногооны үнэ энэ жил өндөр байгаа.

-Хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй худалдагчид уг бүтээгдэхүүнийхээ талаар мэдээ, мэдээлэл дутмаг. Худалдан авагчдад тайлбар өгдөггүй. Хүнсийг аюулгүй байдалд хадгалах талаар анхаардаггүй. Ченжүүдийг хуулийн этгээд болгох,

-Иргэд хэрэглээний талаар боловсрол муутай. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалдаггүй. Чанарыг нь муутгаж хэрэглэдгээс эрүүл мэндээрээ хохирдог. Иймд иргэдэд хэрэглээний соёл, боловсрол олгох нь чухал. -Монголчууд тосны агууламж өндөртэй хүнс хэрэглэдэг. Гэвч тосны агууламжийг судалдаггүй. Ханасан, ханаагүй тосны хэрэглээний талаар судалгаа хийх ёстой.

-Дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүнийг анх талбайгаас хураах, тээвэрлэх, агуулах, хадгалах, худалдаалах хүртэл 100 гаруй стандарт мөрддөг. Гэтэл Монголд 1960-1970-аад оны үед тогтоосон стандарт мөрддөг. Тэр нь орчин үеийн хүнсний аюулгүй байдлыг хангахад нийцэхээ больсон. Стандартыг нэн даруй шинэчлэх ёстой. -Хүнсний ногоонд мөнгөн усны агууламж байгаа эсэхийг хянадаг стандарт Монголд байхгүй. Үүнээс болж Дархан-Уул аймгийн Хонгор суманд хордлого гарахад хүнсний ногооны мөнгөн усны агууламжийг харьцуулж тогтоох стандарт байгаагүй.

-Орчин үед төмс, хүнсний ногоог дэлгүүрт шуудайтай нь тавьж борлуулахаа больсон. Гэтэл Монголд том, жижиг, янз бүрийн сортын төмсийг нийлүүлж шуудайлаад борлуулж байгаа.

-Хүнсний бараанд шошгоны стандарт байхгүй.

-Хөдөө орон нутгийн иргэд хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хүнсний ногоо, төмсний хэрэглээ бараг байхгүй. Төмс, хүнсний ногоог боловсруулан хатааж хөдөөгийн иргэдэд хүргэж байх.

-Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гаднаас ихээр оруулж ирснээс монголчууд элэгний өвчлөлд нэрвэгдсэн. -Бүтээгдэхүүнд гарал, үүслийн гэрчилгээ чухал. Малчид бүгд хувийн тэмдэгтэй болсон. Одоо ногоочид хувийн тэмдэгтэй болох хэрэгтэй.

-Дараагийн удаа зээл олгодог банкны удирдлагууд, зах, худалдааны томоохон төвийн захирлууд, хууль тогтоогчид, үйлдвэрлэгч, малчид, ногоочид хамтарч суугаад хэлэлцүүлэг хийх,

-Хүнсний үйлдвэрлэл бол малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, худалдагч, худалдан авагчдыг хамарсан том сүлжээ. Дамжлага бүрт хүнсийг зөв үйлдэрлэж, хадгалж байгаа эсэхээс хүнсний аюулгүй байдал шалтгаалдаг учир шат шатандаа хариуцлагатай байх,

Эдгээр гол саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргалаа. Тэд мөн хүнсний аюулгүй байдлыг төрийн бодлогоор дэмжих ёстой. Энэ талаар зөв санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлье гэж байлаа.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here