Нүүр хуудас Эдийн засаг Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг хийлээ.

Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг хийлээ.

155
0

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ  Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко нартай уулзалт хийж, уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг  3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар тохиролцсон.  “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд  хийгдэж буй энэхүү ажил бодит биелэлээ олж ургац хураалтын өмнө тариаланчдын гарт шинэ техник тоног төхөөрөмжүүд очиж байна. Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагаа  Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд болж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцов.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч “Атрын III аян”-г үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдийн техникийн шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг нэг жилийн өмнө ОХУ-д  айлчлах үеэрээ техник тоног төхөөрөмж авах талаар  ХАА-н сайдтай  уулзаж, хүсэлт тавьсны үр дүнд маш богино хугацаанд ургац хураалтын өмнө өндөр хүчин чадалтай, хямд үнэтэй  техник тоног төхөөрөмж  тариаланчдын гарч очиж байгаад сэтгэлд өндөр байна. Техникийн шинэчлэл гэдэг газар тариалангийн салбарт маш чухал. Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг хийж байна. Ургацаа хураах, хадлан тэжээлээ бэлтгэж байгаа энэ үед шинэ, хүчин чадал өндөртэй техник тоног төхөөрөмж ашиглах нь чухал юм” гэдгийг онцлов.

ОХУ-аас үр тарианы  комбайн, өвс хамагч боогч, тармуур, ангилсан тариа хаман, хураагч, жатганы чиргүүл, будаа ачигч, трактор, будаа сортлогч, будаа цэвэрлэгч, хор цацагч, хор цацагч өөрөө явагч, сийрүүлүүр, үрлүүр хоёр давхар хадуур зэрэг  техник тоног төхөөрөмж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: “Газар тариалангийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн  иж бүрдлийг хараад маш их баярлаж байна. Атрын II аяныг туулсан, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт насаараа зүтгэсэн хүний хувьд техникийн шинэчлэл хийнэ гэдэг ямар их чухал гэдгийг мэднэ. Сүүлийн хэдэн жилд техникийн шинэчлэл хийгдээгүй явсаар шинэ Засгийн газрын үед техникийн шинэчлэл иж бүрнээрээ хийгдэж бодит ажил болж  байгааг хараад сэтгэл өндөр байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдад Атарчин хүний хувьд баярласнаа дахин хэлмээр байна. П.Сэргэлэн сайдын хувьд ОХУ-руу олон удаа явж тохиролцсоны үр дүнд сүүлийн үеийн шинэ  техник тоног төхөөрөмж  нийлүүлэгдэж байна. Энэ бол эхлэл” гэв.

Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмж авч байгаа тариалан эрхлэгчдэд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн, тэдний ажлыг улам хөнгөвчилсөн бодит ажил болж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here