Нүүр хуудас Эдийн засаг Хөнгөлөлттэй зээлээр “Газар тариалангийн тоног төхөөрөмж”-тэй боллоо

Хөнгөлөлттэй зээлээр “Газар тариалангийн тоног төхөөрөмж”-тэй боллоо

555
0
gazar-tarialnagiin-shine-tohooromj
Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа /2018.08.06/-ний өдөр боллоо.
~Хөнгөлөлттэй зээлээр “Газар тариалангийн тоног төхөөрөмж”-тэй боллоо~

Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа /2018.08.06/-ний өдөр боллоо.

Арга хэмжээг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлсэн үгэндээ,

“2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон.

Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана. Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа” гэв.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгж, байгууллагад жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болсон юм.

Энэ үеэр тариаланчдыг төлөөлөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Шаравын Мардаан хэлэхдээ, “Энэ бол тариаланчдад олдож байгаа алтан боломж. Тийм учраас бид энэхүү олдож байгаа боломжоо ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад зориулахын тулд бүх чадлаараа хичээн зүтгэх ёстой” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here