Нүүр хуудас Эрүүл мэнд БИЧЛЭГ: Эмнэлгүүд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчтэй боллоо

БИЧЛЭГ: Эмнэлгүүд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчтэй боллоо

163
0

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Түүнчлэн гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул ХЕПА шүүлтүүр бүхий уг агаар цэвэршүүлэгч нь ихээхэн үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан энэ үеэр онцолсон юм.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн удирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт 50 мянган хүүхдийн эрүүлжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тус үйл ажиллагааны үеэр “Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эцэг, эхчүүд маань өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь зайшлгүй шаардлагатай. Ялангуяа гадаад орчны бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Манай орны нөхцөлд хүйтний улиралд агаарын бохирдол буюу утаа, амьсгалын замын халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байдаг. Ханиад томууны хувьд, утаанаас шалтгаалж нэмэгдэж байгаа хэрэг биш юм. Энэ бол вирүсийн гаралтай өвчин. Өвчлөгсдийн 80 орчим хувийг хүүхэд эзэлдэг, хүйтний улиралд хүндрэх эрсдэлтэй учраас бид Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж хүүхдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дотоод агаарын чанарыг үе шаттайгаар сайжруулах ажлын хүрээнд агаар цэвэршүүлэгч 200 төхөөрөмжийг тодорхой тасгуудад хуваарилж өглөө. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг дүүргийн эмнэлгүүдийн хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж, эмнэлгийн бусад өрөө тасалгааны дотоод орчны агаарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авна. Мөн цаашид агаар цэвэршүүлэгч суурин төхөөрөмжийг хүртэл эмнэлгүүд дээр байрлуулахаар төлөвлөж байгаа” хэмээн ярилаа Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд болсон уг арга хэмжээ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here