Хүмүүс криптогоо үргэлжлүүлэн зарсаар байгаа тул ханшийн уналт зогсох дүр зураг ажиглагдахгүй байна. Энэ долоо хоногт Биткойны ханш л гэхэд даруй 25 хувиар унаснаар, 4051 ам.доллараар арилжигдаж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр 1 ширхэг Биткойн 4300 ам.доллараар арилжигдаж байгаа юм. Эргэн сануулахад өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Биткойны ханш 20,000 ам.доллар хүрэхээ шахаж байсан билээ.
Нэлээд хэдэн сарын хугацаанд харьцангуй тогтвортой байсан криптовалютууд нь 11 дүгээр сард огцом унаад байна. Энэ оны 1 дүгээр сард криптовалютын зах зээл оргил үедээ хүрч очсоноос хойш дижитал өмч үүд нь нийт 700 тэрбум ам.долларын үнэлгээг алдаад байна.
Биткойны ханш ийнхүү унаж, хүмүүс ихээр зарах болсон нь Bitcoin Cash-ын “hard fork”-той давхцаж буйгаараа онцлогтой. Анх Биткойныг 2 хувааж байсан Bitcoin cash өдгөө дахин салаалж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.