Хятад улсын дарга Си Жиньпин Коммунист намын XIX их хурлыг нээж, “БНХАУ-ыг 2050 он гэхэд бүх салбарт тэргүүлэгч их гүрэн болгох” зорилтыг дэвшүүллээ. Улсынхаа 40 тойргоос хүрэлцэн ирсэн 2278 төлөөлөгчид хандсан Си Жиньпиний мэдэгдэл гурван цаг гаруй үргэлжилсэн байна. Тэрбээр “БНХАУ 30 жилийн дараа инноваци, батлан хамгаалах салбарт болон улс орны хүчин чадал, олон улсад үзүүлэх нөлөөгөөр тэргүүлэх их гүрэн болгоно” гэдгээ мэдэгдсэн юм. Мөн дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигддэг улсын тогтвортой өсөлтөд гаднын компаниуд чухал нөлөөтэй гэж тэрбээр үзжээ. Үүгээр БНХАУ цаашид гаднын бизнес эрхлэгчдэд нээлттэй бодлого баримталж, Төрийн өмчит компаниудын шинэчлэлийг өргөжүүлэн, санхүүгийн салбарын зохицуулалтыг чангатгах юм. Үүнээс гадна Си Жиньпин “Ядуурлыг бууруулахад анхаарсан хэвээр байна” гэдгээ илэрхийллээ. Сүүлийн таван жилд гэхэд БНХАУ 60 сая хүнийг ядуурлаас гаргасныг онцолсон юм. Хятад улсын дарга Си Жиньпин “БНХАУ болон дэлхий дахин цогц, гүн гүнзгий шинэчлэлийн эринд хөл тавиад байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ хөгжилд хүргэх стратегийн боломж бүхий асар чухал үедээ байна. Цаашдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх боломж нээлттэй байгаа ч дараа дараагийн сорилтууд биднийг хүлээж байна. Бид улсынхаа социалист эдийн засгийн үндсэн суурь системийг илүү сайжруулах ёстой. Энэ хүрээнд Төрийн өмч, цаашлаад хувийн хэвшлийг хөгжүүлэн, дэмжин ажиллахад татгалзах зүйлгүй. Зах зээлийн нөхцөл байдал голлох үүрэгтэй гэдгийг анхаарч, баялгийн хуваарилалтыг зөв чиглэлд харах ёстой. БНХАУ-ын батлан хамгаалах салбар тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж, стратегийн бүх чиглэлд цэргийн хүчний бэлэн байдлыг хангахад анхаарна. Өөрөөр хэлбэл, уламжлалт болон аюулгүй байдлын шинэ талбарт ахиц гаргах болно” гэж мэдэгдлээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний зорилт намын удирдлагыг бэхжүүлэхэд чиглэж, бүх зүйлд манлайлагч байх утга санааг агуулсан гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр өмнөх удирдагч Ху Жинтаогийн адилаар эдийн засгийн өсөлтийн талаар таамаг дэвшүүлэхийг гол зорилгоо болгоогүй. Харин агаарын бохирдолтой тэмцэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад голчлон анхаарч байгаа аж. Үүнээс гадна Коммунист намын хаалттай хуралдаанаар намын Төв хорооны 200 орчим гишүүнийг сонгоно. Мөн Улс төрийн товчооны 24, Байнгын хорооны долоон гишүүний нэр тодрох юм. Төв хороо намын удирдагч болох Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгодог уламжлалтай. Олон улсын ажиглагчдын харж буйгаар БНХАУ-ын Коммунист намын хамгийн нөлөө бүхий институт болох Улс төрийн товчооны Байнгын хороо бүрэн шинэчлэгдэж магадгүй байгаа юм. Тодруулбал, Улс төрийн товчооны долоон гишүүний тав нь солигдож магадгүй гэж зарим ажиглагчид харж байна. Си Жиньпин БНХАУ-ын дарга болсноос хойш авлигатай тэмцэх арга хэмжээ авч, эрх баригчдын нэг сая гаруй төлөөллийг сахилгын хариуцлагад татсан юм. Мөн зэвсэгт хүчнийг шинэчлэхийг зорьсны дүнд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армид томоохон шинэчлэл хийжээ. Үүнтэй холбоотойгоор Коммунист намын XIX их хурлаар намын удирдах бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гарна гэсэн хүлээлт үүсээд байна.
Нүүр хуудас Гадаад мэдээ “БНХАУ-ыг 2050 он гэхэд бүх салбарт тэргүүлэгч их гүрэн болгох” зорилтыг дэвшүүллээ.