Нүүр хуудас Гадаад мэдээ Боингийн хамгийн борлуулалттай байгаа онгоцны нислэгүүдийг цуцаллаа

Боингийн хамгийн борлуулалттай байгаа онгоцны нислэгүүдийг цуцаллаа

156
0
ongotsnii-osol-Ethiopia
Боингийн хамгийн борлуулалттай байгаа онгоцны нислэгүүдийг цуцаллаа

Орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Этиоп улсын иргэний агаарын тээврийн Boeing 737 Max 8 нисэх онгоц осолдож, дотор зорчиж явсан бүх хүн харамсалтайгаар амь үрэгдсэн билээ. 149 зорчигч, нислэгийн багийн 8 гишүүн нийлээд 157 хүн онгоцны ослоор таалал төгсжээ.

Зүүн Африкийн Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотын нисэх буудлаас Boeing 737 Max 8 нисэх онгоц өглөөний 8:38-д хөөрсөн бөгөөд 8:44-ийн үед холбоо тасарч, улмаар сүйрчээ.

Одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч, цоо шинэ онгоц байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Бүр тодруулбал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Этиопийн иргэний агаарын тээврийн компани хүлээн авч, үйлчилгээнд оруулсан шинэ онгоц байжээ.

Эргэн сануулахад яг үүнтэй адил загварын буюу Boeing 737 MAX 8 нисэх онгоц нь өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Индонез улсад осолдож, 189 хүн амиа алдаж байсан билээ.

Ердөө 5 сарын дотор 2 ч удаа Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц осолдсонтой холбогдуулан дэлхийн улс орнууд арга хэмжээ авч эхлээд байна. Хятад улсад л гэхэд дотоодын нислэг үйлддэг Boeing 737 MAX 8 онгоцнуудыг бүгдийг нь нислэг үйлдэхийг хориглож, түр хугацаанд түдгэлзүүлжээ.

Мөн одоо агаарт яваа, нислэг үйлдэж буй Boeing 737 MAX 8 загварын онгоцнуудыг яаралтай газардах, нислэгээ цуцлахыг даалгасан байна.

Дашрамд хэлэхэд Боинг компанийн MAX 8 загвар нь хамгийн хурдтай борлогдож байгаа онгоц төдийгүй, энэ оны 2 сарын байдлаар нийт 5100 захиалга хүлээн аваад байгаа гэнэ. Түүнээс 350-ыг нь үйлдвэрлэж, аль хэдийн үйлчилгээнд нэвтрүүлжээ.

Хамгийн гол давуу тал нь түлш зарцуулалт өмнөх загваруудаас даруй 14 хувиар бага, эдийн засгийн хэмнэлттэй, хурд хүчтэй онгоц ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here