Этиоп улсад “Boeing 737 MAX” загварын нисэх онгоц осолдсоны дараа “Boeing” корпорацын зах зээлийн үнэлгээ энэ сард 40 тэрбум гаруй ам.доллараар буурчээ. Энэ тухай телевизийн “CNN” компани мэдээлэв.
“CNN” телевизээр мэдээлснээр, “Boeing” компанийн хувьцааны ханш энэ сард бараг 18 хувиар буурсан байна. Энэ нь тус компанийн үнэт цаасны нийт үнэ 40 гаруй тэрбум ам.доллароор буурсан гэсэн үг юм. Бүтээгдэхүүнийх нь худалдааны нийт хэмжээ 100 тэрбум ам.доллар давсан гэж “Boeing” компани өнгөрсөн онд тайлагнаж байлаа гэж тус телевиз мэдээлсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын шийдвэрээр “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцоор тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхийг хоригложээ. Ийм шийдвэрийг гуравдугаар сарын 10-нд Этиоп улсад “Boeing 737 MAX 8″ нисэх онгоц осолдсонтой холбогдуулан гаргасан байна. Аддис-Абеба хотоос Кени улсын нийслэл Найроби хот руу нислэг үйлдэж байсан уг онгоц Этиопын нийслэл хотоос баруун өмнөд зүгт ойролцоогоор 60 км зайтай газар унаж, онгоцонд сууж явсан 157 хүн бүгд амиа алдсан билээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Сүүлийн таван сарын хугацаанд «Боинг-737 Макс 8» загварын хоёр нисэх онгоц осолдсоны нэг нь энэ юм. 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонез улсын агаарын тээврийн “Lion Air” компанийн ийм загварын нисэх онгоц дотоодын нислэг үйлдэхээр ниссэнээсээ 13 минутын дараа Явагийн тэнгист унасан билээ. Уг ослын улмаас багийн найман гишүүн, 181 зорчигч бүгд амиа алдсан юм.