Иракийн албаны хүний мэдээлснээр баасан гарагт Мисаииб хот дахь зах дээр нэгэн амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлсэн байна. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Иракийн төв хэсэгт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 30 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн энэ өдөр Иракийн төвд орших Карбалагийн зүүн хэсгээс 20 км зайд оршдог автобусны зогсоол дээр нэгэн амиа золиослогч эрэгтэй бөмбөг дэлбэлсэн бөгөөд үүний улмаас 4 хүн бэртсэн байна. Карбалагийн ариун дагшин газарт мөргөл үйлдэхээр явж байсан Сиагийн мөргөлчид энэ буудлаар байнга дамжин зорчдог байжээ.
Рамаданы ариун сар эхэлснээс хойш дэлхий даяар хэд хэдэн террорист халдлага болоод байна. Лхагва гарагт “Лалын улс” бүлэглэлийн гишүүн гэж таамаглаж байгаа зэвсэглэсэн этгээд Ираны парламентын ордон болон Аятолла Хомейнигийн бунхан луу дайран орсон билээ. Уг халдлагын улмаас 17 хүн нас барсан байна.