Албани улс Ираны хоёр дипломатчийг “тааламжит бус этгээд” хэмээн зарлаж нутаг дэвсгэрийг нь орхин гарахыг шаардсан байна.
Ираны дипломатчдыг Албани улсын аюулгүй байдалд аюул учруулахуйц хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэж буй аж.
Энэ тухай Албанийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна. Мэдэгдэлд дипломатчдыг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэрийг Холбоотон орнуудтайгаа зөвшилцсөний эцэст гаргаснаа тэмдэглэсэн байна.
Харин Албанийн хэвлэлүүд Ираны дипломатчдыг тус улсын Шкодер хотод өнгөрсөн 2016 онд Израильчуудын эсрэг террорист халдлага үйлдэх бэлтгэл хангахад оролцсон гэж сэжиглэж байгаа тухай мэдээлж байна.
Энэ террорист халдлагыг үйлдэхийг завдсан хэргээр Албани болон дангаар тусгаар тогтнолоо зарласан Косово улсад нийт 20 гаруй хүнийг саатуулан хорьж байсан юм. Албанийн 9 иргэнд хорих ял оноосон байдаг юм.
Ираны талаас Албанийн эрх баригчдын энэ шийдвэртэй холбоотой албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон “твиттер” хуудсандаа Албанийн Ерөнхий сайд Эди Рама “Дөнгөж сая Ираны Элчин сайдыг нутаг орноосоо хөөж, Ираны эрх баригчдад терроризмыг дэмжих ёсгүйг нь анхаарууллаа” гэж бичжээ.