Жуулчдыг татах мөн тосгоныг эзгүйрэн хаягдахаас аврах зорилгын үүднээс Швейцарийн эрх баригчид Тичино мужийн /кантон/ Кориппо тосгоны зарим сууцны байруудыг зочид буудал болгохоор шийдвэрлэжээ.
Кориппо тосгон 600 гаруй жилийн өмнө үүсэн байгуулагдсан ба 19 дүгээр зуунд тус тосгонд 300 гаруй оршин суугч амьдарч байсан бол одоо энд ердөө 16 хүн үлджээ. Тэдний 15 нь тэтгэврийн өндөр настан бол 1 нь тосгоны дарга аж. Харин залуучууд нь сурах, ажил хийхээр том хот бараадан төрөлх тосгоноо орхин явсан байна. Кориппо тосгон нь уулархаг бүс нутагт уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд эдийн засгийн хувьд ашиггүй болсноос хойш бага багаар мөхөж эхэлжээ. Одоогийн байдлаар Кориппо тосгонд дэлгүүр, сургууль байхгүй, мөн хүүхэд байдаггүй гэнэ. Хэдийгээр уг тосгон хөл хөдөлгөөн ихтэй Локарно хотоос ердөө 30 минут явах зайд оршдог боловч нарийхан мушгирсан замаар явах нь хүсүүштэй зүйл биш юм.
Кориппо тосгоны 60 гаруй уламжлалт чулуун байр хүнгүй эзгүй байгаа аж. Оршин суугчдын зарим нь нас барсан бол зарим нь гэртээ эд хогшлоо орхиод өөр тийшээ нүүн оджээ. Тосгон бүрмөсөн мөхөхөөс аврахын тулд эрх баригчид эзгүй зарим байруудыг зочид буудал болгохоор шийдвэрлэсэн байна.
Ийм таруу байрласан зочид буудал Италийн зарим уулын тосгодод байдаг бол харин Швейцарьт огт байхгүй аж. Одоо дизайнеруудын хувьд, түүхийн дурсгалд тооцогддог тосгоны өнгө төрхийг нь эвдэхгүйгээр жуулчдыг тохь тухтай амраах нөхцөл бий болгохын тулд чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа юм.
Кориппо тосгоны оршин суугчид болон дарга нь ийм шинэ санаа хэрэгжинэ гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа аж. Зочид гийчид хөдөөний оршин суугчидтай хаяа дэрлэн амьдрах төдийгүй тосгоны баарыг албан бусаар захиргааны байр болгоно гэж тэд тооцоолж байгаа гэнэ.
“Ингэх нь тосгоны хувьд тун оновчтой хувилбар, учир нь бидний ихэнх нь хөгшин хүмүүс. Дээрх төслийг хэрэгжүүлснээр хүмүүс дахиад л наашаа цувах болно” гэдэг тосгоны оршин суугчид найдаж байгаа ажээ.