Нүүр хуудас Улс төр Монгол улс Хүний эрхийн зөвлөл…

Монгол улс Хүний эрхийн зөвлөл…

396
0
human rights
human rights
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 37 дугаар чуулганы 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ юуны өмнө НҮБ-ын ХЭЗ нь өнгөрсөн хугацаанд сэдэвчилсэн болон улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай Тусгай мандат эзэмшигчдээр дамжуулан дэлхий дахинаа тулгамдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхид тулгуурласан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд яриа хэлэлцээг өрнүүлж, цагаач иргэд, үндэсний цөөнх, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэж, тус Зөвлөлийн үйл ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр цааш Монгол Улс дотооддоо хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Эрүүгийн шинэ хууль 2017 онд хүчин төгөлдөр болсноор манай улс цаазаар авах ялыг бүрэн халсныг тэмдэглэж, нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настны эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Ахмад настны тухай хуулийг шинэчилж, Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг шинээр баталсныг танилцууллаа.

Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын мөрөөр хэлний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах чиглэлээр ажиллаж буйг дурдаж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх 2017-2021 оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг хэллээ. Үүнтэй холбогдуулан тэрээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Эцэст нь тэрээр манай улс 2018 оны 7 дугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлж, гишүүн орнуудыг тус Бага хурлыг дэмжиж оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг НҮБ-ын ХЭЗ-ийн Өндөр түвшний хуралдаанд оролцох үерээ Гүрж Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Михеил Джанелидзе, Монако Улсын Гадаад хэргийн сайд Жиль Тонелли, Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз болон Словак Улсын Гадаад хэрэг болон Европын асуудал эрхэлсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иван Корчек нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно. Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ. Энэ удаагийн чуулганы Өндөр түвшний хуралдаанд 90 гаруй орны төлөөлөгч оролцож үг хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here