АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, арваннэгдүгээр сард 10 хотоор аялахаар болсон байна.
Тэргүүн хатагтай асан энэ оны хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдэл гаргаж, арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болгоно хэмээн зарласан юм.
Мишель Обама арваннэгдүгээр сарын 13-нд төрсөн Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал 12 дугаар сарын 17-нд Даллас хотод дуусах юм байна. Тэрбээр уг аяллынхаа хүрээнд Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес зэрэг хотоор зочлох ажээ.
Мишель Обамагийн ном уншигчдыг түүний ертөнцөөр аялуулж, Чикагод хүүхэд насаа өнгөрүүлсэн охин хэрхэн АНУ-ын тэргүүн хатагтай болж, Цагаан ордонд амьдрахдаа ажил, хувийн амьдралаа хэрхэн авч явж байсан тухай өгүүлнэ.
Мишель Обамагийн “Becoming” ном түүний бичсэн хоёр дахь ном билээ. Тэрбээр 2012 онд “American Grown” нэртэй номондоо Цагаан ордны гал тогоо болон эрүүл хооллолтын тухай бичиж байжээ.