Москва хотод их хэмжээний ЦАС орж нэг хүн амь эрсджээ
ОХУ-ын төв хэсэгт их хэмжээний цас орж 600 орчим суурин газрын 63 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болоод байна.ОХУ-ын цаг уурчдын мэдээлж буйгаар ийм хэмжээний цас сүүлийн 146 жил ороогүй ажээ.
Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Москва болон төвийн мужуудад их хэмжээний цас орж олон мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болсонтой холбогдуулан ОХУ-ын Эрчим хүчний яам өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй бөгөөд цаашдаа нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхаарууллаа Цаг агаарын ноцтой үзэгдлийн улмаас Москва хотын автозамын хөдөлгөөнд хүндрэл учирч одоогоор Шереметьево, Внуково, Домодедово зэрэг нисэх онгоцны буудлын 170 орчим нислэг саатаж, 20 гаруй нислэг цуцлагдаад байна.
Их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязаарлагдсан энэ үед Москва хотын дарга Сергей Собянин сургуулийн насны хүүхдүүдийг хичээлээс чөлөөлж, оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав.
Учир нь ой мод ихтэй тус хотын модод цасаа дийлэхгүй хугаран унах тохиолдол ихээр гарч буй юм. Одоогийн байдлаар цаг агаарын ноцтой үзэгдлийн улмаас Москва хотод нэг хүн амь эрсдээд байна.
Москва хотын цас цэвэрлэх ажиллагаанд 72 мянган тохижилт үйлчилгээний ажилтан, 15 мянган техник хэрэгсэл, 4 мянган самосвал машин дайчлагдаж, 950 мянган куб метр цас хотоос гарган хаяад байна.
эх сурвалж: montsame.mn