Холливудын нэрт жүжигчин, продюссер Стивен Сигалыг жүжигчин Портиа дэ Росси бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгажээ. Портиа дэ Росси алдарт телевизийн шоу хөтлөгч Эллен ДэЖенерестэй гэрлэсэн ч Сигал түүнд бэлгийн дарамт үзүүлж байсан тухай твиттертээ нийтэлсэн байна.
Бид Стивен Сигалыг Ю.Эрдэнэтуяа гэх монгол гэргийтэй гэдгээр нь илүү сайн мэднэ. ВВС агентлаг жүжигчний менежертэй холбоо барихад одоогоор ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй гэжээ. Бэлгийн шинжтэй гэмт хэргийн хохирогч болсон хэмээн мэдэгдээд байгаа жүжигчин бүсгүйн хэлснээр “Би сүүлд Стивен Сигалын кинонд тоглохоор шалгуулахаар очиход намайг ажлын өрөөндөө дагуулж орсон. Тэгээд намайг доош суулгаж сонгон шалгаруулалт хичнээн чухал болохыг хэлж арьсан өмднийхөө цахилгааныг тайлсан. Би гүйж гараад төлөөлөгчөө дуудсан. Тэр надад Сигал чиний сонирхдог төрлийн хүн гэж бодсонгүй гэж хариулсан” гэжээ.
Мөн бусад эмэгтэй жүжигчид ч Сигалыг хэвийн бус араншин гаргасныг баталж байна. Тэдний дунд “Сайн эхнэр” киноны жүжигчин Жулианна Маргулис, загвар өмсөгч Женни Маккартни нар байгаа юм. Ойрын үед Холливудын ахимаг насны эрчүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоор байна. Харви Вайнстэйн эхлэлийг нь тавьсан бол Стивен Сигал сүүл мушгиж байна.
Росси ДэЖенерес нар гэрлээд 9 жил болж байна. Телевизийн алдарт хөтлөгч эхнэрийнхээ постыг өөрийн 75 сая дагагчдаа постолж “Эхнэрээрээ бахархаж байна” гэжээ.