Нүүр хуудас Гадаад мэдээ НҮБ: Хиймэл оюунаар удирддаг зэвсгүүдийг хориглох эсэхийг хэлэлцэнэ

НҮБ: Хиймэл оюунаар удирддаг зэвсгүүдийг хориглох эсэхийг хэлэлцэнэ

605
0
iimel-oyun-uhaanaar-udirddag-zewseg
НҮБ: Хиймэл оюунаар удирддаг зэвсгүүдийг хориглох эсэхийг хэлэлцэнэ

НҮБ хиймэл оюун ухаанаар хянан, удирддаг автомат зэвсгүүдийг хориглох эсэх асуудлаар олон улсын хурал хийж байна.

Женев хот дахь НҮБ-ын Европ дахь төв байранд даваа гарагт эхэлсэн тус хуралд дэлхийн 100 гаруй орны засгийн газрын төлөөлөгч болон эрдэмтэн судлаачид оролцож байна.

Дэвшилтэт технологи бүхий робот, дрон зэрэг автомат зэвсэг нь улс орнуудад хүний оролцоогүйгээр дайн хийх боломжийг олгох эрсдэлтэй, иймд улс орнууд болон цэрэг армийнхан иймэрхүү аюулт зэвсэг хөгжүүлэхээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж эрдэмтэн, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гэхдээ НҮБ онолын хувьд өнөөдөр дэлхий дээр бүрэн автомат, компьютероор удирддаг зэвсэг хараахан байхгүй гэдгийг мэдэгдэж байгаа. НҮБ-ын энэхүү хурлаар хиймэл оюун ухаанаар удирддаг автомат зэвсэг хөгжүүлэлтэд хэрхэн, яаж хяналт тавих вэ гэдэг асуудлыг голлон хэлэлцэж байна. Өнөөдөр дэлхий даяар хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд улс орнууд бодлого боловсруулж, энэ салбарт хөрөнгө санхүү их оруулж байна, энэ нь нэг талаар улс орны хөгжилд тустай боловч нөгөө талд сөрөг талаас нь ашиглавал хүн төрөлхтөнд аюул учруулахуйц хөнөөлт зэвсэг бий болох эрсдэл өндөр байна.

~НҮБ: Хиймэл оюунаар удирддаг зэвсгүүдийг хориглох эсэхийг хэлэлцэнэ~

Иймд аюулыг бий болсноос нь хойш бус урьдчилан сэргийлэхийн тулд олон улс нэгдсэн зохицуулалттай болж, түүнийгээ дагаж мөрддөг, тэр хүрээндээ хиймэл оюуны эерэг нөлөөллийг ашиглах нь зүйн хэрэг гэдэгт НҮБ-ын олонх орнууд санал нэгджээ.

Австрийн элчин сайд үхэл, амьдралтай холбоотой шийдвэрүүдийг техникээр төлөөлүүлэх нь ёс зүйгүй юм гэсэн байр суурь илэрхийлж, бусад төлөөлөгчид ч гэсэн түүний энэ болгоомжлолыг дэмжин, автомат зэвсэг хөгжүүлэлтэд шинээр хязгаар, хориг тогтоохыг шаардацгааж байна. Харин Японы төлөөлөгч хориг тавих асуудалд нэлээн нухацтай хандахыг зөвлөжээ.

Өөрөөр хэлбэл хэрвээ автомат буюу хиймэл оюун ухаанаар удирддаг зэвсгийг зүй зохистой ашиглавал, энэ нь байг илрүүлэн, устгах нарийвчлалыг нэмэгдүүлж, учирч болзошгүй хохирол, хүний хүчин зүйлээс улбаатай алдааг бууруулах эерэг талтай гэдгийг онцолжээ.

Зарим улс орнууд тэр дундаа АНУ болон ОХУ хиймэл оюунаар удирддаг зэвсэгт хориг, зохицуулалт хийхийн эсрэг байна.

Тэдгээр орнууд менежмент, сургалтын тогтолцоогоор дамжуулж, технологийн зүй зохистой хэрэглээг хамгаалах нь илүү чухал гэсэн байр суурьтай байгаа.

Өнөөдөр дэлхийн улс орнууд хиймэл оюунаар удирддаг дрон робот зэрэг төхөөрөмжүүдийг олон салбарт ашиглаж, эерэг үр дүнг нь мэдэрч байгаа ч сөрөг талаас нь ашиглах эрсдэл байсаар байгаа гэдэгтэй олон улсын мэргэжилтнүүд санал нэг байгаа юм байна.

НҮБ-ын энэхүү хэлэлцүүлэг энэ баасан /2018-08-31/ гараг хүртэл үргэлжлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here