Оросын ерөнхийлөгч Владимир Путин эмэгтэй хүн төрийн тэргүүн болж болох эсэх тухай асуултад хариулжээ.Оросын удирдагчийн хэлснийг РИА Новости агентлаг дурдсан байна.
Путин олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн жил тутмын хуралдааны төгсгөлийн чуулганы үеэр хэлэхдээ, “манайд бүх юм боломжтой” гэжээ.
Ксения Собчак Оросын төрийн тэргүүний дээд албан тушаалын төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа 10-р сарын 18-нд зарласан юм. “Миний нэр дэвшиж байгаа нь сөрөг хүчин, нийт нийгмийн аль алиных нь хувьд ашигтай байж болох юм” хэмээн телевизийн хөтлөгч хэлсэн билээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сарын 18-нд болох ёстой. Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүнийг бүх нийтээр нууцаар шууд санал өгөх замаар зургаан жилийн хугацаатай сонгох юм.
Төрийн тэргүүн өмнө нь Москвад “Оросын эрчим хүчний долоо хоног” чуулга уулзалтын бүгд хуралдааны үеэр үг хэлэхдээ “2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд би нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байгаа” гэж мэдэгджээ.
Хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг 11 дүгээр сарын сүүлч 12 дугаар сарын эхээр зарлах ёстойг Владимир Путин дурдсан юм. “Энэ үе гэхэд гол гол өрсөлдөгч тодорч, сонгуулийн өмнөх хөтөлбөрөө зарлана хэмээн би бодож байна” гэж төрийн тэргүүн хэлжээ.