Украйнаас эхлэн дэлхий даяар тархсан “Бяцхан Петр” хортой кодны гурван хувилбар байжээ. Харин хортой кодын анхны хувилбарыг бичсэн Жанус хэмээх хакер мастер түлхүүрийг нь олон нийтэд задаллаа.
Аюулгүйн шинжээчдийн тайлбарлаж буйгаар анхны хувилбар болох “Улаан Бяцхан Петр”, хоёр дахь хувилбар болох “Ногоон Бяцхан Петр”, “Алтан нүд” хортой кодын анхны хувилбаруудаар халдварласан компьютеруудыг дээрх мастер түлхүүрээр чөлөөлж болно гэжээ.
Польшийн мэдээллийн аюулгүй байдлын шинжээч “Хашерезад” дээрх мастер түлхүүр үнэхээр баттай ажиллаж байна гэсэн бөгөөд “TeslaCrypt-тэй нэгэн адилаар “Бяцхан Петр” хортой кодыг бичсэн этгээд хувийн нууц түлхүүрээ дэлгэж, хохирогч нарыг файлуудаа сэргээх боломжтой болголоо” гэсэн байна.
Хэдийгээр “Бяцхан Петр” хортой кодын эхний болон хоёр дахь хувилбарыг тайлах аргыг өнгөрсөн жил олсон ч гэсэн Жанусын дэлгэсэн түлхүүр илүү хурдан, найдвартай ажиллаж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт гарсан “Алтан нүд” хувилбарыг ч тайлах чадалтай гэж Касперский Лабын аюулгүйн шинжээч Антон Иванов хэлжээ.
Жанус 2016 онд анхны Алтан нүд хортой кодыг бусад хакеруудад зарж эхэлсэн гэдэг. Ингэснээр хакерууд хэдхэн товч дараад хүссэн үедээ халдлага үйлдэж, хүмүүсээс мөнгө нэхэмжлэх боломжтой болжээ.
Харин хохирогч мөнгө төлсөн тохиолдолд Жанус дундаас нь хувь хүртдэг байсан аж. Гэвч арван хоёрдугаар сараас Жанус сураггүй алга болжээ.
Тэрээр сүүлийн халдлагын дараа “Миний зохиосон хортой кодыг өөрчилж Украйн болон өөр 64 улсын байгууллага, аж ахуй нэгжүүд рүү халдсан байна” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн шинэ хортой код Үндэсний аюулгүй байдлын албаны дэлгэсэн EternalBlue хэмээх цоорхойг ашигладаг учраас илүү их хор хөнөөлтэй байжээ.
Аюулгүйн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү халдлагын гол зорилго нь гаднаасаа зүгээр нэг мөнгө олох гэсэн хэдэн хакерууд барьцаа нэхдэг хортой код тараасан мэт харагдуулж, том асуудал үүсгэх байсан гэсэн юм.
Учир нь энэ хортой код хохирогчийн компьютер дээрх бүх мэдээллийг ор мөргүй устгаж байсан бөгөөд зөвхөн аль нэг улсын санхүүжилттэйгээр хийсэн халдлагаа далдлах арга нь барьцаа нэхэх байжээ.