Карибын сав газрын арлуудын нэг сая гаруй оршин суугчид хөнөөлт “Ирма” хар салхинд өртсөнөөс гадна дахин 26 сая хүн эрсдэлтэй байдалд ороод байгаа тухай Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, маш хүчтэй хар салхины улмаас Барбадосын бараг бүх байшин барилгууд эвдрэн сүйдэж, Пуэрто-Рикогийн оршин суугчид тог цахилгаангүй болжээ. Мөн Британийн Виржиниа, Сен-Мартен, Сен-Бартелеми, Сент-Китс, Невис арлууд ихээхэн хохирол амссан байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр, хар салхины улмаас 10 хүн амиа алджээ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг хар салхинд өртсөн хүн амд шуурхай тусламж үзүүлэхэд зориулан 600 000 орчим швейцарь франк, байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад зориулан 120 000 франк олгожээ.
Хар салхины хүч одоогийн байдлаар тавдугаар буюу хамгийн дээд ангилалдаа хүрээд байгаа ба салхины хурд “Ирма”-гийн төвд 300 км/цагт хүрчээ. “Ирма” нь Атлантын далайд сүүлийн арван жилд болсон хамгийн хүчтэй хар салхи юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, “Ирма” хар салхи нь энэ оны 8 дугаар сард Техасын эргийг дайрч сүйрлийн үер дагуулсан “Харви” хар салхинаас илүү хүчтэй байгаа аж. Одоогийн байдлаар уг хар салхи Гайти рүү чиглэж байгаа ба Кубаар дайрч, АНУ-ын Флорида муж улсад хүрэх төлөвтэй байгаа юм. Тус муж улсын эрх баригчид хар салхинаас урьдчилсан сэргийлэх зорилгоор аюултай бүсээс хүн ам, жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна.