Энэтхэгийн PTI агентлагийн мэдээлснээр, Хятадын цэргүүд Пангон нуурын ойролцоох Энэтхэгийн харьяанд байдаг газар нутаг руу нэвтрэхийг оролдсоноор хоёр талын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хоёр улсын цэргүүд бие бие рүүгээ чулуу нүүлгэсний улмаас хэд хэдэн цэрэг хөнгөн гэмтсэн байна.
Хятад, Энэтхэг болон Бутантай хил залгаа оршдог Докламын өндөрлөгийг Бээжин болон Шинэ-Дели мөн “булаацалдаж” сөргөлдөж байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр мөргөлдөөний үеэр Энэтхэгийн тал өөрийн харьяаны газар нутаг гэж үздэг, тус улсын Ладак мужийн ойролцоо оршдог газар руу нэвтрэх гэсэн Хятадын цэргүүдийг зогсоохын тулд энэтхэг цэргүүд гинжин хэлхээ үүсгэн зогссон байна.
Харин Хятад улсын ГХЯ мэдэгдэхдээ “Энэтхэгийн тал Хятадын газар нутгаас бүх цэрэг, техник хэрэгслээ нэн даруй , ямар нэг болзолгүйгээр татах хэрэгтэй” гэжээ.
Энэтхэгийн тал Доклам, Хятадын тал Дунланы тэгш өндөрлөг гэж нэрлэдэг газар нутагт хоёр улсын цэргүүд бараг хоёр сар “сөргөлдөж” байгаа юм.
Зургадугаар сард сөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын аль аль нь тус бүсэд цэргийн хүчээ зузаатгаж, цэргүүдээ татахыг нэг нэгнээсээ шаардсаар байгаа билээ.
Тус хоёр улс 1962 онд хилийн маргааны улмаас дайтаж байсан юм. Хоёр тал өнөө хэр нь зарим бүсэд хилийн маргаанаа шийдвэрлэж чадаагүй байгаа билээ.