АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх удирдагч Барак Обамагийн санаачилсан цагаачдын хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах хөтөлбөрийг цуцалжээ. Ингэснээр 800 мянган цагаач АНУ-аас гарах хэрэгтэй болох аж. Трампын гаргасан тушаалыг Ардчилсан намынхан болон экс Ерөнхийлөгч Барак Обама хурцаар шүүмжилж байна. Харин Трамп “Миний үүрэг бол ард түмнээ, улсаа хамгаалах. Цагаач нарын эрх гэж байгаа ч АНУ хуультай орон” гэсэн байна.
Обамагийн 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрөөр тус улсад цагаачилж очсон иргэдийн 16 хүртэлх насны хүүхдүүдийг АНУ-аас албадан гаргахыг хориглосон билээ. Мөн 16 хүртэлх насандаа АНУ-д ирсэн цагаач энэ хөтөлбөрийн дагуу хамгаалагдаж байсан юм. Тэгвэл Трамп улсынхаа аюулгүй байдлын төлөө эцэг эх нь гэмт хэрэгт холбогдож байсан бол 16 нас хүрээгүй байсан ч хүүхдийг нь Америкаас албадан гаргадаг болгожээ. Тэрбээр мөн өөр хоригууд бэлтгэсэн байна. “Хүүхдүүд эцэг эхийнхээ хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Гэхдээ манай улс хуультай орон. Хуулиа хамгаалах нь миний үүрэг” гэж Трамп хэлжээ. Тэрбээр цагаачдыг цөөлснөөр америкчуудын амьдралын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа аж.
Тэгвэл Мексик улс АНУ-аас албадан гаргасан цагаачдыг хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.