Нүүр хуудас Улс төр Япон улс Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ.

Япон улс Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ.

186
0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилсан хөрөнгө оруулалт, худалдааны бүс нутгийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн орнууд болон компаниудын хөрөнгө оруулалтыг татах зорилготой зохиогдож байгаа ОХУ-ын Владивосток хотноо болж буй гурав дахь удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож байгаа билээ.

“Энэ удаагийн чуулга нь Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд олон улсын хэмжээнд эдийн засгийн асуудлаар хилийн чанадад оролцож буй анхны чуулга уулзалт болж буй бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх түүний дипломат зорилготой нягт хамааралтай үйл ажиллагаа гэдэг нь тодорхой” хэмээн “Global Times” тэргүүтэй гадны хэвлэлүүдэд мэдээлж байна.

Мөн  Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түншүүд юм. Тэдний Монгол Улстай хийсэн худалдаа нь тус улсын нийт худалдааны 80 гаруй хувийг эзэлж байна.

Монгол Улс энэ форумаар дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн интеграцид оролцох оролцоогоо дэмжихийн тулд нэг чухал худалдааны түнштэйгээ харилцаагаа өргөжүүлэх боломжтой. Тиймээс энэ удаагийн форум нь Х.Баттулгад “Эдийн засгийн тэргүүлэх чиглэл” болон өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал боломжийг олгох болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж буй анхны айлчлал хоёр орны худалдааг өргөжүүлэх чухал айлчлал юм гэжээ.

Мөн “Хятад-Монголын худалдааны хэмжээ тасралтгүй өсч байна. 2016 онд Монголын гадаад худалдааны 60 хувийг Хятад улс дангаар эзэлсэн. Энэ утгаараа, Х.Баттулга Монгол-Орос улсын эдийн засгийн харилцааг сайжруулахад хүчин чармайлт гаргаж байна” гэж бичсэн байна

Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав. Энэ үеэр Мүн Жэ Ин ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улс төрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна. Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж, амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа. Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт  болоосой гэж хүсч байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлав. Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав.

Хоёр орны Ерөнхийлөгч бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд бие биеэ тун удахгүй харилцан айлчлал хийхийг урьсан байна.                                                                   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав. Энэ үеэр Шинзо Абэ Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэж, амжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон улсын дэмжлэгээр ноос, ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал, Нарны гүүр гэх мэт олон том бүтээн байгуулалт хийгдсэн нь монголчуудад ихээхэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байсныг онцолжээ. Мөн Шинэ нисэх буудал байгуулах ажил эхлэх, Нарны гүүрийг барьж байгуулах үед салбарынх нь сайдаар  ажиллаж онцгойлон анхаарал хандуулж байснаа дурдлаа. Монгол Улсад аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьж ярилцжээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон Зүүн хойд Азийн бүс нутаг түүний дотор Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах саналууд тавьж ярилцав. Мөн Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ дурдаж Монгол Улс далайд гарцтай болох, эдийн засгийн харилцаагаа тэнцвэржүүлж, тэлэх бодлого баримталж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here