2017 оны 8 сарын 7-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотын шүүхээс “Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийг авлигын хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноожээ. Энэ талаар “The Korea Times” мэдээлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн түүнийг экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн холбогдсон авлигын хэргийн хамсаатан бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа түүний засгийн газраас дэмжлэг авахын тулд дотны найз, бизнес эрхлэгч Чой Сун Шил, түүний охин нарт 1 тэрбум 300 сая воны авлига өгсөн гэм буруутай гэж үзжээ.
Мөн тэдний санаачлан байгуулсан урлаг, спортыг дэмжих сайн дурын санд 229 тэрбум вон хандив өгснийг ч авлигын шинжтэй хэмээн үзсэн байна. “Самсунг” группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэж мэдэгджээ. Шүүх хуралдаан дээр түүний туслахууд “Дэд ерөнхийлөгч И Че Юнг нь мөнгөн хандивын тухай огт мэдэхгүй. Бид дотооддоо гаргасан шийдвэрийг тухайн үед түүнд мэдээлэлгүй орхисон буруутай. Тэрээр энэ хэрэгт огт хамаагүй” гэж мэдүүлсэн байна.