Украины нийслэл Киев хотоос 175 км-ийн цаана байрлах Калынивка хот дахь зэвсгийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.abc.net.au” сайт мэдээлэв. Уг үйл явдалтай холбогдуулан Калынивка хотын 30 мянган иргэнийг яаралтай аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Дэлбэрэлтийн үеэр хүний амь эрсдээгүй бөгөөд хоёр хүн бэртэж, эмнэлэгийн тусламж авсан талаар ослын газар очоод буй Ерөнхий сайд Володимир Гроисман сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрбээр энэхүү дэлбэрэлтийн ард “ОХУ бий” хэмээн мэдэгджээ. “Энэхүү дэлбэрэлтийг оросууд захиалсан эсэхийг нарийн тогтоогоогүй байгаа” талаар Ерөнхийлөгч Петр Порошенко илэрхийлэн “Бид хэргийн шалтгааныг тогтоох болно” гэж хэлжээ.
“Агуулахад хадгалагдаж байсан зэвсгийн хэмжээг 188,000 тонн” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Мөн дэлбэрэлтийн үеэр агуулахад хадгалж байсан пуужингууд харвагдаж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлжээ. Балаклия хотын ойролцоох зэвсгийн агуулах өнгөрөгч гуравдугаар сард дэлбэрч, нэг хүн амиа алдсан билээ. Энэ үеэр 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.