Этиопийн онгоцны сүйрэл “Бойнг” онгоцны алдаанаас болсон гэж үйлдвэрлэгч компани мэдэгдлээ. “Бойнг” онгоцны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Деннис Мюленберг пүрэв гарагт “737 МАХ8″ загварын онгоцны маневрийн систем сүүлийн хоёр онгоцны ослын шалтгаан болсон нь тодорхой” гэж хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийлээ.
Тэрбээр энэ талаар “твиттер”-т видео бичлэгээр дамжуулан хэлсэн байна. Гэхдээ “Хоёр ослын үеэр юу болсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий албан ёсны эцсийн тайлан гараагүй байгаа” гэж хэлсэн байна.
“Бойнг”-ын гүйцэтгэх захирлыг ийм мэдэгдэл хийхээс өмнөхөн Этиопийн талын албаны хүмүүс онгоцны урьдчилсан мэдээллийг судалж шилжилсэн талаараа хэвлэлд ярьсан байна.
“Этиопийн иргэний агаарын 302 дугаар нислэгийн багийнхан “Бойнг” компаниас гаргасан удаа дараагийн зааварчилгааг биелүүлсэн боловч онгоцоо удирдаж хянах боломжгүй байсан, нисгэгчид маневрийн системийг шийдвэрлэх гэж бүхэл бүтэн 6 минутын турш үзсэн ч онгоцны хамрын хэсгийг дээш нь залж хяналтаа сэргээх боломжгүй болсон” гэж Этиопийн талаас мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, онгоцны маневрийн систем дэх мэдрэгч буруу ажилласан гэж албаныхан хэлжээ.
Ослын шалтгаан болгон хэлж байгаа маневрийн систем нь мэдрэгчээр дамжуулан онгоцны хамрын өнцгийг тодорхойлдог юм байна. Онгоцны хамар хэсэг хэт дээшээ чиглэлтэй болоход энэ систем нь онгоцны түвшинг хэвийн байдалд оруулахын тулд сүүл хэсгийг нь залуурдаж чиглүүлдэг байна.
Ослын шалтгааныг шалгаж байгаа албаныхан мэдрэгч буруу ажилласнаас онгоц хамраараа газар хатгаж унахад нөлөөлсөн байж болно гэцгээж байгаа юм.