Монголчууд бидний амьдарч орчин хүрээлэн байгаа байгальд бохирдол их хэмжээгээр үүсэх болсноор хүн амын дунд өвчлөл ихсэж цаашлаад удамшлын өвчин төрөлхийн гажиг ихсэх ноцтой асуудал үүсээд байгаа учраас орчны бохирдол, ногоон хөгжлийн тухай ямар ажил эхлүүлээд байгаа талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ярилаа. Хүн амьдралынхаа 80 хувийг дотоод орчиндоо өнгөрүүлдэг. Сүүлийн 20-иод жил агаарын бохирдлын асуудлыг ярьж байсан ч дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх маш энгийн аргууд байдгийг олон нийтийн мэдээлэл хомс байдаг. Ноцтой асуудал үүсгээд байгаа хот суурийн газарт агаар, ус, хөрсний бохирдолтын бууруулах нэгдсэн бодлого гаргаж хэрэгжүүлэх асуудал зайлшгүй тулгараад байгаа. Тухайлбал өвлийн улиралд агаарын бохирдол стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй болдог. Харин дулаараад ирэхээр хөрсний бохирдол, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудал яригдаж эхэлдэг нь дэд бүтцийн байгууламжийн хүртээмжгүй байдал, техник технологийн хувьд хоцрогдсон байдал зэрэг багтдаг. Харин энд Улаанбаатар хотын тэлэлт ямар ч төлөвлөлтгүй тэлж байгаагаас үүсэлтэй. Гэр хорооллоос гарч буй нүүрсний утаа, тоос тортог , хөдөлгөөнд оролцож буй автомашины яндангаас гарч буй болон цахилгаан станцуудын утаа, элэгдэл гэмтэлд орсон хөрс агаарын бохирдлыг үүсгэдэг. Эдгээрээс гадна ил задгай хаясан хогууд нь орчныг бохирдуулж байна. Тэгээд гэр хорооллын нүхэн жорлон нь хөрс, усны бохирдлын эх үүсвэр болж байгаа юм. Мөн хог хаягдлыг зориулалтын байгууламжид устгахгүй байгаа нь хөрсний бохирдлыг үүсгэдэг. Эргээд агаарын бохирдол маань жингээрээ газарт бууж байна гэдэг нь хөрсний бохирдлыг мөн үүсгэнэ. Агаар, ус, хөрс гэсэн байгаль орчны бүрэлдэхүүн нь цогц нийлмэл хэсэг учраас эдгээрийн бохирдлыг бууруулах асуудлыг яалт ч үгүй цогцоор нь авч үзэх хэрэгтэй болж байгаа юм. Монгол улсын Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2017 оны гуравдугаар сарын 20-нд Ерөнхий сайдын захирамжаар түүхэндээ анх удаа “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөр төлөвлөгөө таван зорилтын хүрээнд 140 гаруй нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт, байгаль орчин гэх зэрэг олон асуудал тусгагдсан. Энэ нь 2025 он хүртэл хэрэгжихээр заагдсан байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр үр дүн нь хүн амын байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид суурилсан инженерийн дэд бүтцийн байгууламжаар хангаснаар бохирдлын эх үүсвэр болох гэр хорооллын яндангийн тоо буурч гэр хорооллын стандартын шаардлага хангахгүй байгууламжийн тоог бууруулах ялангуяа хүн амын нягтралыг сааруулах асуудал чухал болоод байна. Энэ үүднээс бид орон нутагт ажлын байр бий болгож хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжинэ. Жишээлбэл, яндангийн тоо, стандартын шаардлага хангахгүй байгаа ариун цэврийн байгууламжийн тоог бууруулах үндсэн шаардлага тулгарч байгаа юм. Ингэснээрээ 2025 он гэхэд уг бохирдлыг 80-аас доошгүй хувь бууруулна гэсэн зорилт тавьсан. Орчны бохирдлын асуудал нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засагтай холбогддог. Ядуурал, хөрөнгө оруулалт дутмаг байна гэдэг нь инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанаргүйг илтгэж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын шөнийн цахилгаан эрчим хүчинд холбогдож гэрээ байгуулсан нийт 147,353 гэр хорооллын хэрэглэгч байдаг. Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг тэглэж 3.5 тэрбум төгрөг хэмнэж чадсан. Нийслэл хотын шөнийн цахилгааны эрчим хүчийг өвлийн улиралд тэглэх шийдвэр гарсан. Тэглэсэн хөнгөлөлтийн зөрүүнд БОАЖЯ-наас 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэдэд үзүүлсэн . Мөн энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 110,895 өрх гэрт Зорилтот бүлгийн өрхийн сайжруулах зуух, шахмал түлшээр хангах 850 сая төгрөг гарсан. Ингэснээр гэр хорооллын 70 орчим халаалтын зуухыг татан буулгаж төвлөрсөн халаалтад холбож өгсөн. 2017 оны эхний хагас жилийн байдлаар үртсэн шахмал түлш НӨҮГ-тай гэрээ байгуулан 400 тонн үртсэн шахмал түлшийг 80 сая төгрөгөөр худалдан авч нөөцлөөд байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж мөрдөж стандартыг шаардлага хангах техникийн үзүүлэлттэй зуух судлах, тендер зарлах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох шаардлагатай болно. Ингээд тойрсон багц асуудлууд болж байгаа. Ер нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8.9 орчим их наяд төгрөг зарцуулагдахаас ихэнх нь инженерийн дэд бүтцийн асуудалд зарцуулагдах юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахдаа олон давхар орон сууц барих гэхээсээ илүү өөрсдөө амины орон сууц барьж амьдрах сонирхолтой иргэдэд зориулсан 200-300 орчим айл өрхийн дунд хэсэгчилсэн байдлаар халаалт, цэвэр усны хангамж, бохир усны ариутгалын байгууламжийн шийдлийг шийдэх дэд бичил төвүүдийг байгуулах юм. Энэ хүрээнд БНХАУ-аас хоёр тэрбум юань тусламж ирсэн. Мөн орчны бохирдлыг бууруулахад чиглэж өнгөрсөн 1-р сараас эхлэн айл өрхийн ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг тэглэсэн байгаа шүү дээ. Уг ажил эхэлснээс хойш 110 гаруй хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдсан байна. Агаар, орчны бохирдлын асуудал утаа бий болохоор гардаг асуудал биш. Манай яамны зүгээс болон холбогдох яамд энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Эрчим хүчний яам гэр хорооллын 70 гаруй халаалтын зуух буулгаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн халаалтад холбосон. БОАЖЯ-наасбайгальд ээлтэй цахилгаанаар халаах боломжтой дулаалгаа сайжруулж, эрчим хүч хэмнэх төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг боловсруулсан. Мөн Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа гэр хорооллын ариун цэврийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах хэрэгслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нийт 1500 өрхөд жишиг байдлаар байгальд халгүй эко ариун цэврийн байгууламжийг суурилуулж өгнө. Үүний 30 орчим хувь нь зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдана. Гэр хорооллын нүхэн жорлонгийн стандарт гэж бий. Жишиг төсөл хэрэгжүүлэхээр тэр стандартыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Ирэх наймдугаар сард эхэлнэ. Улаанбаатар хотод гурван байршил буюу урд чигт “Дүнжингарав”, хойд чиглэл буюу долоон буудалд “Оргил” худалдааны төв, баруунд зүгт “Драгон” төв дээр байгальд ээлтэй эко, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах мэдээлэл сурталчилгааны төвүүд ажиллана. Тэгэхээр иргэд маань хамгийн ойр байгаа байршилдаа очоод тэр чиглэлийн бүтээгдэхүүн, төхөөрөмжийг үйлдвэрлэдэг хүмүүсээс нь мэдээлэл аваад байгаль ээлтэй бүтээгдэхүүнээ худалдан авч, хэрэглэх боломжтой. Ард түмэн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин, нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх үүрэгтэй. Энэ нь иргэн хүнээс маш их хамаарах зүйл. Стандарт гаргана тэр нь бас л зайлшгүй дагаж мөрдөх ёстой тогтоомж. Тэгэхээр бэлэн стандартыг гаргаж өгөхөөр хүмүүс хэрэгжүүлнэ. “Энд аюултай хог шатааж болохгүй” үүнд би өөрөө хордоод зогсохгүй эргэн тойрныхныгоо хордож байна гэдгээ мэдэх, хүмүүс ч бие биедээ шаардлага тавьж, хамтдаа орчны бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэртээ тэргүй бид нэг тэнгэр дор, нэг хотод амьдарч, нэг агаараар амьсгалж байна. Ногоон эдийн засаг гэдэг нь байгальд ээлтэй үйл, ажиллагаа явуулах хаягдал бага гаргах, эдийн засаг өсөлтөд иргэн хүн өөрөө оролцогч байх, зүгээр нэг хувь хүртээд сууж байх биш, тэд өөрсдөө идэвхтэй хөдөлмөр эрхэлж, байгальд нөхөн сэргээх, бүтээн босголтод гар бие оролцох гэсэн бүтцийн системтэй. Үүний хүрээнд дэлхий дахинд цаашлаад хаягдалгүй эдийн засаг гэсэн ойлголт болж байгаа юм. Энэ нь хэн нэгэнд хэрэггүй болсон хаягдал өөр нэгэнд шаардлагатай түүхий эд болох гэх мэт бие биенээ дэрлэж, түшиглэж ажиллаж хаягдал бага гаргана гэсэн ойлголт юм. Тэгээд хувь хүн өөрөө ч гэсэн аливаа зүйлийг хог хаягдал багатай, хэмнэлттэй ашигласнаараа ямар нэг зүйлийг хэмнэж сурна. Манай улсын хувьд байгалийн баялагтаа түшиглэсэн байдаг. Тэгвэл тухайн үйл ажиллагаа эрхэлж буй хүн тийм хэмнэлттэй байснаар өөрийнх нь аж ахуй эрхлэлтэд ач холбогдолтой болох юм. Иймэрхүү ерөнхий зарчмуудыг зөвхөн олон нийтэд таниулаад өнгөрөх биш боловсролын системээр дамжуулж ирээдүй хойч болсон залууст түгээх нь чухал ач холбогдолтой байгаа юм гэлээ.
Нүүр хуудас Нийгэм Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжихээр заагдсан.