Уржигдар буюу энэ сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гранат дэлбэрч хоёр хүн газар дээрээ амиа алдаж, найман хүн бэртсэн харамсалтай явдал болсон. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хуваарийн дагуу хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж, гар гранатын үүрэг зориулалт, тактик техникийн өгөгдөхүүний талаар холбогдох хичээлийг онолын болон дадлагын хэлбэрээр зохион байгуулж, төгсгөлд нь байлдааны гранаттай сургуулилтын бэлтгэлийг хангах үеэр байлдааны гар гранат тэсэрч, осол болсон байна.
Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байжээ.
Шархадсан найман албан хаагч эд эрхтэний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ.