Монгол Улсын Засгийн газраас “малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд Дархан арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлэх, Шинэ Ховд үйлдвэр технологийн парк байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Манай орны арьс, ширэн түүхий эд жил бүр нөхөн сэргээгддэг, үндэсний үнэт баялаг бөгөөд Монгол Улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9.6 сая толгой малтай байсан бол 2020 онд 67.1 сая толгой малтай болж, 2011-2019 онд 8.4-19.6 сая ширхэг арьс, ширэн түүхий эд бэлтгэв.
Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна гэдгийн учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг байна.
~Арьс ширийг эсгэлтгүй хуулах, технологи арга ажиллагаанд суралцана~
Иймд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч малчин, хоршоод, түүхий эд бэлтгэгч, мал төхөөрөх цех, мах боловсруулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг оролцогч талуудын өмнө арьс, ширэн түүхий эдийг чанартай бэлтгэх шаардлага тулгараад байгаа.
Европын Холбооны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн бaйгууллага (ФАО), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “МАЛ ТӨХӨӨРӨХ, АРЬС ШИР ЭСГЭЛТГҮЙ ХУУЛАХ ТЕХНОЛОГИ” сургалтыг
- 2021 оны 5-р сарын 3-5-ны өдөр цахимаар зохион байгуулна.
- Мөн 2021 оны 5-р сарын 12-13-ны өдөр практик сургалтыг Баянхонгор аймагт зохион байгуулна.
Сургалтад Баянхонгор аймгийн мал төхөөрч бэлдэх, мах боловсруулах үйлдвэр цехүүд, инкубатор төв, малчдын хоршоод, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, түүхий эд бэлтгэгчид болон бусад холбогдох байгууллагын нийт 30 хүн хамрагдана.
Сургалтад хамрагдаж арьс ширийг эсгэлтгүй хуулах технологи арга ажиллагаанд суралцсанаар үндэсний үйлдвэрлэлийг гэмтэлгүй, чанартай түүхий эдээр тогтвортой хангах, цаашлаад орон нутагт ажлын байр бий болж малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.