УИХ-ын дарга М.Энхболд “Эрүүл мэндийн салбарын 100 залуу боловсон хүчнийг Харвардын зайн сургалтад хамруулж, сертификат олгох шийдвэрт БСШУСЯ, Анагаахын сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан. Анагаахын боловсролын дэлхийн жишигтэй хөл нийлэн алхах нэг алхам энэ болно” хэмээн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зочлохдоо хэлжээ.
Баярын арга хэмжээнд шинээр элссэн 3000 гаруй оюутны төлөөлөл, тус сургуулиас төрөн гарсан, Монголын анагаах ухааны бахархал болсон Ардын болон гавьяат эмч нар, эрдэмтэн профессорууд хуран цугларсан байв. АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан хүнд хэцүү цагт Монголын төр, засаг эх орондоо анагаах ухааны их сургууль байгуулж байжээ. Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгтэй болох, эмнэлэг-сургалтын цогцолбор байгуулах зорилт маань амжилттай хэрэгжиж байна. Энэ онд манай сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Манай сургуулийн түүхэн замнал амжилт алдрын он жилүүд байснаар бид бахархдаг. Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.
Бид ойрын ирээдүйд Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилго тавиад ажиллаж байна. гэжээ
УИХ-ын дарга М.Энхболд: “Алдраа дуурсгасан олон шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдийн найдвартай залгамж халаа нь болж, зөвхөн хичээлийн танхимаас олж авсан мэдлэгээр хязгаарлах биш, дэлхийн анагаах ухааны шилдэг ололт, дэвшилт арга технологийг эзэмшихийг эрхэм зорилгоо болгож суралцаарай” хэмээн захижээ.
Тэрбээр “Анагаах ухааны их сургуулиуд дэргэдээ түшиц эмнэлэгтэй байдаг нь дэлхий дахинд түгээмэл. Оношлогоо, судалгаа шинжилгээ нь ч хамгийн дээд түвшинд үнэлэгдэж байдаг. Тиймээс танай хамт олны сургалтын эмнэлэгтэй болох, эмнэлэг-сургалтын цогцолбор байгуулах санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, дутагдаж буй хөрөнгө оруулалт болох 23.0 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар болсон” гэв.
Энэ төслийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа ажээ