Баянзүрх дүүрэг нь 336,932 мянган хүн амтай, 94,971 мянган өрхтэй, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд олонтой нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 118,250 мянган авто машин болон бусад авто машин замын хөдөлгөөнд оролцдог.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Олон Улсын стандартад нийцүүлсэн орчныг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр Баянзүрх дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” хамтдаа зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулав.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр ,”Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Баянзүрх дүүрэг”, “Баянзүрх дүүргийн зам тээврийн осол хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Баянзүрх дүүргийн хэмжээнд явуулсан хамгаалах бүсний судалгаа”, “Зам тээврийн осол хэргийг бууруулахад хүүхэд бидний оролцоо”, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавив.
Илтгэлүүдтэй холбогдуулан эрх зүй, онолын түвшинд холбогдох мэдээ мэдээллийг хэлэлцэж, цаашид тус дүүрэгт тулгамдаж буй асуудалд иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хангахад анхаарч ажиллахаар тогтлоо.
Түүнчлэн тус зөвлөгөөнөөс бодлогын болон шийдвэр гаргах түвшний байгууллага мөн хэрэгжүүлэн ажиллах төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын хүрээнд хамтын шийдвэр, зөвлөмж гаргахаар болов.