Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн дунд Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжиж байгаа эсэх талаар иргэдээс санал авчээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байгуулагдсан ажлын хэсэг 28 хорооны нийт 93,713 өрхөөс санал авахад нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал өгөөгүй аж.
Иргэдийн зүгээс төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед илүү зардал гарган төрийн бүтцийг томруулах шаардлагагүй хэмээсэн байна. Үүний оронд зайлшгүй хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллахыг нийслэлийн удирдлагуудаас хүсжээ.