Баянхонгор аймгийн удирдлагад ОТОРЧИД-той биечлэн уулзахыг даалгав
Баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байгаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр (2018.01.26) Баянхонгор аймгийн Онцгой комиссыг хуралдуулав.
Засаг дарга Г.Батжаргал “Баянхонгор аймагт 2017 онд зуншлага тааруу болж, малчид чадлынхаа хэрээр хадлан базаасан ч хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй. Энэ өвөл өнтэй эхэлсэн боловч энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарч байна. Аймгаас отор нүүдлээр явсан малчин өрхүүдэд болон манай аймагт оторлож байгаа өөр аймгийн иргэдийг эмнэлгийн хяналтад бүрэн авсан” хэмээв. Тус аймгийн хамгийн алслагдсан Шинэжинст суманд оторлож байгаа өрхүүд эмнэлгийн тусламж авах боломжоор хязгаарлагдмал байгаагаас жирэмсэн эхчүүд болон нярай хүүхэдтэй ээжүүд, өндөр настнуудыг төв суурин газарт байлгах арга хэмжээ авч эхэлжээ.
Аймгийн хэмжээнд нийт 4587.7 мянган мал тоологдсон бол өвөл эхэлснээс хойш 21 мянган мал хорогджээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн 8 суманд өвс, 9 суманд тэжээлийн нөөц дууссан мэдээтэй байна. Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд Баянхонгор аймагт мал болон сумын тоонд харьцуулан 414.6 сая төгрөг олгосноор 294.1 сая төгрөгөөр 32468 боодол буюу 650 тн өвс, 119.9 сая төгрөгөөр 235 тн тэжээл худалдан авчээ. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор цаг үеийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж тус аймагт 60.0 сая төгрөг нэмж олгосон. Уг санхүүжилтээр сум бүрт өвс, тэжээл худалдан авсан боловч малчдын нөөц шавхагдаж байгаа учраас дахин худалдан авах хүсэлтэй байгаа аж.
Засаг дарга Г.Батжаргал “Манай аймагт малын тоо толгой энэ онд 900 мянга орчмоор буурсан нь өвс, тэжээл бэлдэхэд зориулан малаа худалдан борлуулсан гэсэн үг. Малчид одоо бэлэн мөнгөө дуусаж байгаа учраас зээлээр өвс, тэжээл өгөөч гэсэн хүсэлт ирж байгаа. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлээс хуваарилсан хэмжээг нэмж олгохыг хүсэж байна” гэв.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэх нөхцөл нэгэнт үүссэн учраас хүн амь нас, эрүүл мэндээр хохирох эрсдэл гаргахгүйн тулд аймгийн эрүүл мэнд болон мэргэжлийн хяналтын байгууллага хамтран онцгой нөхцөлд шуурхай ажиллах шаардлагатай. Наад зах нь гэхэд л, оторчдын гэрт хадгалагдаж байгаа хүнс муудаж эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болох вий. Тиймээс тэдэнд хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх зэргээс гарч болзошгүй бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаарай. Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хяналтын байгууллага гойд анхаарал хандуулаарай. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хорио цээрийн хяналтын цэгт тээврийн хэрэгслийг ариутгах ажилд хөрш зэргэлдээ Баянхонгор аймгийн зүгээс ч хамтран ажиллах ёстой” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Баянхонгор аймгийн отроор нүүдэллэн өвөлжиж байгаа өрхүүдэд 23 жирэмсэн эх бүртгэгдсэнээс 18 нь өрхийн эмнэлгийн хяналтад орсон байгаа. Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд машин, шатахуун, эмч нарыг дулаан хувцсаар хангах шаардлагатай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг хяналт үзүүлэх тал дээр Баянхонгор аймгийн хувьд сайн ажиллаж байгаа” гэв.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Баянхонгор аймгийн иргэд, малчид харьцангуй бэлтгэл сайтай өвлийг угтжээ. Аймгийн удирдлага өнтэй өвөлжихийн тулд Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаатай танилцлаа. Гэхдээ иргэд, малчдын тухай нарийн мэдээлэл муу байгаа нь анзаарагдлаа. Тиймээс ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна” гээд “Цаг агаарын, бэлчээрийн тухай зэрэг шуурхай мэдээллээр малчдыг хангах, тэдэнд гар утсаараа мэдээлэл авах тухай зөвлөмжийг яаралтай хүргэ. Өвөлжилтийн хүрээнд хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллийг тогтмол авч, тэр дагуу шуурхай ажиллах менежменттэй бай. Нэн түрүүнд оторчидтой заавал очиж уулзаж байж төрөөс ямар үйлчилгээ шаардлагатай байгааг нарийн мэдэж ажлаа уялдуул” гэсэн даалгаврыг өглөө.
“Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор аймагт 430 тонн өвс, 760 тонн тэжээл хуваарилсан байсныг аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу өвс, тэжээл тус бүрийг 150 тонноор нэмж олгохыг энэ хуралдаанаар шийдэж байна” гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ. 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа тэжээлийг малчдад худалдахдаа тэдний гар дээр бэлэн мөнгө байхгүйг бодолцож төлбөр дээр уян хатан хандахыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засаг дарга Г.Батжаргалд даалгалаа.