~Өлгийчүүдэд 10 гэр хандивлажээ~
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үерийн гамшигт нэрвэгдэж эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа 10 гэр бүлд гэр олголоо.
Уг тусламжийн гэрийг аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа нар өчигдөр гардуулж өглөө.
Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Өлгий сумын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багуудын нутаг дэвсгэрт буусан үер дараа Улаанбаатар хотоос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг, мөн Ховд аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ч.Нямхүү нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн юм. Түүнчлэн байшин нь бүрэн нурсан, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, нялх хүүхэдтэй 20 өрхийг тусгай байранд байрлуулж, халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх энэ үеэр дээрх 20 өрхийг орон байртай болгох арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд эхний 10 гэр бүл ийнхүү гэртэй болж байна.
Дашрамд дурдахад, үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд Монгол Улсын Засгийн газраас 80, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс найм, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн зүгээс гурван гэр олгосон бөгөөд нийтдээ 100 гаруй өрх орох оронтой болоод байгаа ажээ.