Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн 2017 оны 8 сарын 26,27-ны өдрүүдэд Хонгконгод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдсөн юм.
Улс орноо төлөөлж Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн 20 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтын эзэд боллоо.
Манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалд дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдгээр тодорч эхний гурван байрд шалгарч, багаараа хошой тэргүүн байрын эзэд болсон байна.
Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэхээр болжээ. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн №2 Иоханнес Маллов, №6 Симон Рейнхард нарыг ихэр тамирчид болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялж үзэгч олны анхаарлыг татан гайхшруулав. Мөн өсвөр насанд Олон улсын мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг нар аварга боллоо.
Монголын оюун ухааны академийн тамирчид оюуны спортын 44 дэх тэмцээнд ийнхүү амжилттай оролцож, нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.