Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулж буй “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарласан билээ.
Уг болзолт уралдаан нь Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулийн 700 гаруй Олимпийн танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлж олон нийтэд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Увс аймгийн нийт 26 Ерөнхий боловсролын сургууль “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд хамрагдаад байна. Зохион байгуулах хорооноос гаргасан удирдамжийн дагуу сургууль тус бүр ажлын төлөвлөгөө боловсруулан Олимпийн боловсролыг олон нийтэд түгээх ажлуудыг өрнүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн 02 дугаар сараас эхлэн Увс аймаг даяар “Олимпийн аян” эхлээд байна.
Увс аймгийн Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургууль нь Болзолт уралдааны хүрээнд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулаад байна.
Олимпийн танхимаа шинэчлэн тохижуулж үйл ажиллагааны шинэчлэл хийх, сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд Олимпийн боловсролын хичээл, сургалтыг явуулах, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах, гар зураг, эсээ бичлэг, мэтгэлцээний уралдаануудыг амжилттай өрнүүлээд байна. Тус сургуулийн “Ирээдүй” Олимпийн танхим нь тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2014 онд улсын шилдэг Олимпийн танхимаар шалгарсан түүхтэй.
“Ирээдүй” олимпийн танхимаас Болзолт уралдааны хүрээнд сурагчдын дунд төдийгүй багш хамт олон, эцэг эхчүүдийн дунд Волейбол, Сагсан бөмбөг, Чөлөөт бөх, Үндэсний бөх болон Шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулжээ.