Нүүр хуудас Нийгэм Буриад түмний “Бага Алтаргана-2019” наадам боллоо

Буриад түмний “Бага Алтаргана-2019” наадам боллоо

228
0
baga-altargana-Bulgan-2019
Буриад түмний "Бага Алтаргана-2019" наадам боллоо

Булган аймгийн Тэшиг суманд Буриад түмний “Бага Алтаргана” наадам долоодугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа. Хөрш зэргэлдээ хоёр орны ард түмний он удаан жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон “Эв мод”-ыг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн дарга С.В.Гонжитов нар нийлүүллээ. “Эв мод”-ны хоёр талд Уйгаржин Монгол, Орос бичгээр “Хоёр орны хил хязгаар тайван, найрамдал орштугай” хэмээн бичсэн байдаг.

“Их Алтаргана” наадмыг хоёр жилд нэг удаа зохиодог бөгөөд өнжсөн жилд нь бага наадам хийдэг юм байна. “Бага Алтаргана-2019” наадамд Монголын буриадын төв холбоо, Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Дорнод аймгийн Баяндун, Хэнтий аймгийн Дадал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Орхон аймаг, ОХУ-ын Буриад улсын Закамень аймаг, Улаан-Үд хотын Буриад зон олны төлөөлөл оролцлоо.

Буриад бөхийн +75 кг-ын жинд аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, -75 кг-ын жинд Б.Батсүх нар түрүүлж, үнэмлэхүй аваргаар О.Мөнх-Ирээдүй шалгарсан бол Буриад сурын харваанд эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад сурын спортын мастер М.Одмандах, эмэгтэй харваачдаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харваач Ю.Мөнхчимэг түрүүллээ.

Мөн буриад дууны уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, “Буриадаараа хөөрөлдье” аман зохиолын уралдаан, гар бөмбөгийн тэмцээн наадмын хүрээнд зохион байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here