Нүүр хуудас Эдийн засаг Г.Амартүвшин: Чанаргүй зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх нь миний гол үүрэг болсон

Г.Амартүвшин: Чанаргүй зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх нь миний гол үүрэг болсон

163
0
amartuwshin
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин гол тулгамдаж байгаа асуудлаар болон сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөр хэвлэлийн хурал хийлээ. 

-Би ажлаа авсан даруйдаа зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн. Ер нь Хөгжлийн банкыг тойрсон гурван том асуудал байгаа. Нэгт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлийн асуудал, хоёрт, Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлагын өөрчлөлт, гуравт, зээлийн багцын чанарыг сайжруулах асуудал байна. 2019 оны I улирлын байдлаар манай банкны нийт актив 4.2 ихнаяд, зээлийн багц 2.5 ихнаяд, эрсдлийн сан 336 тэрбум, чанаргүй зээл 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1.1 тэрбум төгрөг байна.

Чанаргүй зээлийн асуудлын хүрээнд:

Чанаргүй зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх нь миний гол үүрэг болсон. Жишээ нь:

1/”Эрэл” компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй. Тэгэхээр Засгийн газар болон Хөгжлийн банкны хамтарсан Ажлын хэсэг гараад энэ зээлийг яаж төлүүлэх вэ, төрийн өмчит хамтарсан компани байгуулах эсэх талаар судалгаа хийж байна. Хэрэв төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй гэвэл шүүхийн шугамаар зээлийг төлүүлнэ.

2/Монлаа компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад эхний сарын төлбөрүүд нь хийгдээд явж байгаа. Энэ жилдээ багтаад тус зээлийг барагдуулах төлөвлөгөөтэй байна. Монлаа компанийн зээлийн үлдэгдэл 8.3 тэрбум төгрөг.

3/Хөтөл компани дээр Улсын комисс ажиллаад үйлдвэрийг нь албан ёсоор хүлээж аваад Хөгжлийн банкны барьцаа хөрөнгийг сайжруулах тал дээр ажиллана. Хэрэв энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар асуудлыг шийдвэрлэнэ. Хөтөл компанийн зээлийн үлдэгдэл 236 тэрбум төгрөг байна.

Дотоод үйл ажиллагааны тухайд:

Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бодлогын өөрчлөлтүүд орсон байгаа. Нэгдүгээрт, зээлийн бодлогыг шинэчилсэн. Зээлийн үйл ажиллагааг зохицуулдаг журамд өөрчлөлт орсон. Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, орон тооны асуудлыг ойрын хугацаанд шийднэ.

Ирээдүйд санхүүжүүлэх хөтөлбөр, зээлийн санхүүжилтийн шаардлага нь ямар байх вэ?

Хуулийн шаардлагын хувьд, экспортыг дэмжсэн, экспортын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжинэ. Мөн Засгийн газрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрийг дэмжинэ. Мэдээж анхан шатны шаардлагууд тавигдана.

Бодлогын хувьд, 20 тэрбумаас дээш төгрөгийн зээлийг Хөгжлийн банк шууд олгоно. 20 тэрбумаас доош зээлийг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлнэ. Нийт санал болгож байгаа төслийн өртгийн 85 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг олгоно.

Өмнө нь хуурамч материал бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн, муу зээлийн түүхтэй харилцагчдыг Хар жагсаалтад оруулж, зээлийн хүсэлт хүлээж авахгүй.

Дунд болон урт хугацаанд шаардлагатай эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар, уул уурхай, уул уурхай бус экспортын төсөл хөтөлбөрүүд, агаар болон хөрсний бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийг дэмжиж ажиллана.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрэл компанийн захирал хэлэхдээ, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь болоогүй гэсэн тайлбар өгсөн. Энэ талаар?

-Эцсийн хугацаа нь болоогүй боловч графикын дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүрэгтэй.

-Эрэл компанийн хувьд заавал хамтарсан компани байгуулах ёстой юу. Дээр дурдсан гурван компаниас гадна бусад компанийн асуудал юу болж байна вэ?

-Заавал хамтарсан компани байгуулах үүрэг даалгавар, чиглэл байхгүй. Яагаад энэ хувилбарыг судалж байгаа вэ гэхээр манайх шиг барилгын салбар нь улирлын чанартай улс оронд стратегийн хувьд энэ чанартай үйлдвэр нь хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн санхүүгийн хувьд энэ төсөл, компани ирээдүйтэй юу гэдэг дээр л асуудал байгаа юм. Хөгжлийн банкинд 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээлийг ямар хугацаанд төлж барагдуулах вэ гэдэг дээр л ажиллаж байна. Хэрэв эргэлзээтэй байвал заавал хамтарсан компани байгуулна гэж зүтгэхгүй, гэрээний дагуу шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн эрх бий.

Бусад компаниудын том төслүүдийн хувьд тэр болгон төлөвлөсөн борлуулалт нь орж ирдэггүй ч юм уу, хугацаа нь хойшлогдох зэрэг янз бүрийн шалтгаанаар хугацаа хойшлогдож болно. Зөвхөн тэр санхүүжүүлсэн төсөл нь амьтай юу, амьгүй юу, эдийн засгийн амьдрах боломжтой юу гэдгийг хардаг. Боломжтой бол зээлийн нөхцлийг нь яаж өөрчлөх, яаж хэвийн байдалд оруулах вэ гэдэг дээр ажиллаж байна. Нарийн судлахад зарим компани нь зээлээ төлж байгаад тодорхой хугацааны дараа төлөлт нь зогссон байсан. Заримынх нь зээлийн бүтэц нь хэт богино хугацаатай байсан болохоор хугацаагаа сунгаад явсан байна. Яг бодит үйл ажиллагаа явуулдаг компани байна уу гэвэл байна. Бид зээлийн нөхцлийг нь өөрчилж зээлийг нь төлүүлэх тал дээр ажиллаж байгаа.

-Эрэл компани яг хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ. Зээлийн багахан хэмжээг нь төсөлдөө оруулаад бусдаар нь гадаадад тоглосон гэсэн мэдээлэл байна. Энэ дээр шалгалт хийсэн үү. Хоёрдугаарт, арилжааны банкууд ОУВС-гийн шаардлагаар өөрийн хөрөнгөө нэмэхдээ Хөгжлийн банкнаас эх үүсвэр авсан юм уу?

-Эрэл компани 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 100 тэрбум нь үндсэн зээл, 32 тэрбум нь хуримтлагдсан хүү нь. Анх ийм л хэмжээний зээл гаргаж байсан. Зээлийн зарцуулалтын дийлэнх нь төсөлдөө орсон байдаг юм билээ. Явцад төслийн өртөг маш их хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Тоглосон асуудалд хариулж мэдэхгүй юм байна.

Хөгжлийн банкнаас эх үүсвэр аваад аливаа банкинд өөрийн хөрөнгөөр оруулсан асуудал миний мэдэхээр байхгүй. Яг одоогоор тийм том хэмжээний хугацаа хэтэрсэн зүйл байхгүй.

-Эрэл ХК-ийн төслийг төр худалдаж авч байгаа гэсэн?

-Төр худалдаж авч байгаа асуудал биш. Энэ бол зээлийн үлдэгдлийн тодорхой хэмжээг нь шинэ компанийн хувьцаа болгож хөрвүүлээд, үндсэн зээлийг тэр шинэ компаниар нь төлүүлэх асуудал яригдаж байгаа юм.

-Арилжааны банкуудад Хөгжлийн банкны хэдий хэмжээний мөнгө байршиж байгаа вэ?

-Хөгжлийн банкны өөрийн мэдэлд байгаа чөлөөт эх үүсвэр бол ойролцоогоор 900 тэрбум төгрөг. Төв банкны 440 тэрбумын үнэт цаас байгаа. Нийт 300 тэрбум төгрөгийн хадгаламж, тэр дотроо дамжуулан зээлдүүлэхийн зээл орсон байгаа. Би ирснээсээ хойш нэг зарчмыг баримталж байгаа. Арилжааны банкуудад байршуулж байгаа мөнгөө заавал барьцаатай, нэг бол хадгаламж, эсвэл үнэт цаасаар баталгаажуулж барьцаатай болгосон.

-Иргэдийн зээл хэтэрсэн тохиолдолд байр, машиныг нь хураадаг. Тэгвэл томоохон компаниудын үйлдвэрүүдийг нь хураах арга хэмжээ авч болохгүй юм уу?

-Компани бол үйл ажиллагаа явуулж байж илүү мөнгөний урсгалтай, үнэ цэнэтэй байдаг. Зүгээр хоосон объектыг хурааж аваад борлуулахаас илүү гэсэн бас нэг ойлголт бий. Тэгэхээр аль хувилбар нь илүү ашигтай байна вэ гэдэг талаас нь хардаг юм.

-Хөгжлийн банк шинэ байраа маш өндөр үнээр худалдаж авсан гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн. Хэдэн төгрөгөөр хаанаас авсныг нь та судалж үзэв үү?

-Энэ асуудлыг хангалттай шалгасан, дүгнэлтүүд гарсан. 27 тэрбум төгрөгөөр авсан байна лээ. Өнгөрсөн асуудал дээр би нэмж юм хэлэх шаардлагагүй. Нэгэнт л авсан бол энэ бол Хөгжлийн банкны өмч.

Хөгжлийн банкны байрны талаар өгсөн нэмэлт мэдээллээр, 2016 онд Засгийн газраас шалгалт хийж, тодорхой арга хэмжээ авах чиглэлийг өгсөн. Түүний нэг бол байшин худалдаж авах асуудал байсан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгожээ. Харин Хөгжлийн банкны зүгээс гуравдугаар сард дахин сэргээх хүсэлтийг өгчээ. Байр авах өмнөх үеийнхнийх нь шийдвэр зөв байсан уу гэдгийг шалгуулахаар ийнхүү хуулийн байгууллагад хандаад байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here