2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилт дэвшүүлсны дагуу Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж, олон ажил бодит биеллээ олж хэрэгжиж байна. Үүнд “Мах маркет” ХХК нь техник, технологийн шинэчлэлийг хийж, “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн БНХАУ-руу экспортолж эхэллээ. “Экспортын үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцлаа.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд 135600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингээсэн 1200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. 2017 оны эхний хагас жилд тус компани 600 тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд Мах сүүний анхдугаар аяны эхлүүлж, олон ажил хийгдэж байгаагийн нэг нь махны экспорт. Махны экспортын асуудал өмнөх жилүүдэд хүндрэлтэй байсан бол энэ жилээс ахиц дэвшил гарч аж ахуй нэгжүүд сайн ажиллаж Монгол малын махыг зорилтот зах зээлд гаргах ажлыг амжилттай эхлүүлж байна. Засгийн газраас монгол малын махыг бөөнд нь биш зорилтот зах зээлд өндөр үнээр гарах ёстой гэсэн бодлого баримталж байна. Энэ зорилтот зах зээлийн хүрээнд “Мах маркет” ХХК Иран улс руу 2000 тонн хонины мах экспортлох гэрээ хийж эхний 140 мянган тонн махыг нийлүүлээд байна. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад 200 тонн ямааны махыг 8 дугаар сараас эхлэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар нэг аян зарлаад зогсохгүй. Үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад зах зээлтэй холбох зэрэг олон чиглэлд хамтарч ажиллана гэж үзэж байна. Тухайлбал, Вьетнам улс руу нийлүүлж буй ямааны махыг нэмэгдүүлэх боломжтой. Удахгүй Монгол Вьетнам улс хоорондын комиссын хуралдааныг хийнэ. Энэ үеэр махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулна” гэдгийг онцлов. Мөн тэрээр хувийн үйлдвэрүүд байгаа нөөц боломжоо ашиглан сайн ажиллаж байна. Харин төр засгаас бүх талаар нь дэмжих ёстой. Хамгийн түрүүнд зээлийн, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ёстой. Үйлдвэрлэлийн асуудал богино хугацааны асуудал биш. Үйлдвэрлэл дагаж олон хүн ажлын байраар хангагдаж байдаг. Зах зээл байгаад борлуулалт сайн байвал төр засаг, ХХААХҮЯ-наас урт хугацаатай бага хүүтэй үйлдвэрлэлийн зээлийг олгож дэмжлэг үзүүлнэ” гэдгийг тодотгов. Махны экспортыг дэмжиж, тогтвортой урт хугацаанд нэмэгдүүлэх, хонь ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж малчдын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Он гарсаар үйлдвэрүүдийн мах экспортлох хүчин чадал нэмэгдэж хоёр хөршөөс гадна Исламын улс орнууд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам зэрэг улс руу мах экспортолж эхлээд байна. Махыг дулааны аргаар боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох нь түүхий махны экспортоос 15-20 хувиар илүү ашигтай байдаг. Мөн Өвөрхангай, Увс аймгуудад махны үйлдвэр барих ажил эхэлж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны экспорт нэмэгдэж эхэлж байгааг дээрх жишээнээс харж болно гэдгийг “Мах маркет” ХХК-ийн үйлдвэрийн дарга С.Зориг онцоллоо.