Сайн байна уу? Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа. Монголдоо хүргэлтийн үйлчилгээний зах зээлийг хөгжүүлэх, эко системийг бүтээхээр зорьж яваад нь амжилт хүсье. Ярилцлагаа танай компанийн үүсэл, хөгжлөөс эхэлье гэж бодож байна, товчхон уншигчиддаа танилцуулаач?
Гарааны бизнес гэдэг хосгүй шинэ санаа, шийдлийн тухай биш нийгэмд байгаа олон асуудлаас шийдэж чадахуйц зүйлээ бүтээлчээр шийдэж үнэ цэн бүтээх ойлголт гэж ойлгодог. Анх таван найз нийлж өнөөгийн нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэх тухай санаа ярилцаж байгаад дэлхийн олон улс оронд иргэн, байгууллагын
“ЦАГИЙГ ХЭМНЭЖ, АЖЛЫГ ХӨНГӨВЧИЛСӨН ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г
Монгол улсдаа хөгжүүлэх, өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлээр 2018 онд энэ салбарлуу зориглон орсон юм. Бидний мэдэхээр тухайн үед энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын үйлчилгээ цаг хугацааны хувьд удааширалтай, иргэн байгууллага бүрт хүртээмжтэй бус нөгөө талдаа экосистем буюу гарааны бизнес эрхлэх таатай орчин, соёл хангалттай бүрэлдээгүй гэсэн санаан дээр үндэслэн Улаанбаатар шиг түгжрэлтэй хотод хэрхэн энэ үйлчилгээг нэвтрүүлж болох вэ? Ямар боломжууд бидэнд байгаа вэ гэдэгт тулгуурлан хэд хэдэн төрлийн судалгаа хийж үзсэн. Бидний нэн тэргүүнд орох салбар бол онлайн худалдаан зах зээл гэж үзсэн.
Тухайн үед эд хөгжиж буй онлайн худалдааны 80 орчим хувийн захиалгыг эмэгтэйчүүд хийдэг бөгөөд 12-24 цагийн дотор хүргэж өгөхгүй бол захиалгаа цуцлах магадлал нь 50 хувьтай байсан юм. Нөгөө талдаа цөөхөн хэдэн албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 24-72 цагийн хооронд хүргэх үйлчилгээтэй, үлдсэн хэсэг нь онлайн худалдааны жижиг бизнесүүд бүгд хувь хүнтэй хамтран ажиллаж найдвартай байдал дээр эргэлзээтэй байлаа.
Иймээс бид онлайн бизнес эрхлэгчдийг дэмжсэн үйлчилгээ гаргаж ажлын 8 цагийн дотор хүргэх хүргэлтийн үйлчилгээ болон 2 цагийн дотор хүргэх мопеттой шуурхай хүргэлтийн үйлчилгээг анх нэвтрүүлсэн юм.
Мопеттой хүргэлтийн үйлчилгээгээ дэлгэрүүлж тайлбарлавал?
Түгжрэлтэй Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг яаж хамгийн хурдан, найдвартай байх уу гэдгийг янз бүрээр туршиж үзэж байна. “Түгжрэл нэг өглөө сэрэхэд л алга болчихгүй байсаар л байх” болохоор энэ нөхцөлд хамгийн тохиромжтойтээврийн хэрэгслийг судалж үзэхэд мопед байж таарсан. Мопед нь машины түгжрээнд орохгүйгээр явах боломжтой бөгөөд зөвхөн гэрлэн дохион дээр л зогсох юм. Ингэснээр машинаас хоёр дахин хурдтай явдаг, гэхдээ аюулгүй байдлын горимыг маш сайн баримтлах шаардлагатайг ч бид онцгой анхаарч үздэг. Мопит болон мотоциклийн хөдөлгөөнийг 11-р сараас 3-р сар хүртэл өвлийн улиралд хориглодог учраас энэ үйлчилгээгээ бид түр хугацаанд зогсоодог.
https://www.eshonkhor.mn/, 75070707
Онлайн худалдааны дээр ямар ямар хүндрэлүүд гардаг вэ?
Монголын онлайн худалдааны зах зээлд тодорхой сорилтууд бий гэж хардаг. Нэгт, ихэнх нь фейсбүүк орчинд бараагаа худалдаалдаг, захиалдаг учир шууд фейсбүүк хуудас, аккаунтад итгэж мөнгөө төлдөггүй. Тэгэхээр бараагаа авах үедээ мөнгөө өгч таардаг. Энэ нь итгэлцэл байхгүйн нэг тод жишээ буюу гарааны бизнесийн эко систем бүрэн бүрэлдээгүйн нэг илрэл гэж хэлж болно. Бараагаа авахдаа мөнгөө төлж байна гэдэг бол тэр хүн бараагаа хүлээн авахдаа сэтгэлд нь нийцэхгүй бол цуцлах эрсдэлтэй гэсэн үг. Гэрийнх нь үүдэнд ирэхэд бараагаа авахаа болих, эсвэл бараагаа авчихаад болих зэрэг бэрхшээл нь хүргэлтийн байгууллагад чэллэнж болдог. Гэхдээ энэ салбар маань өдрөөс өдөрт хөгжиж хэрэглэгчид сурч бизнесийн байгууллагууд ч мөн адил илүү мэргэжлийн төвшинд ажиллах боломжууд бүрдсээр байгаа.
Хоёрт, замын хөдөлгөөнтэй холбоотой хүндрэлүүд бий. Мопед эсвэл дугуйн зам гэж байхгүй учир нэгдүгээр эгнээнд явдаг. Гэтэл жолооч нар мопедуудад дасал болоогүй учир толиндоо хараад л эргэхэд мопед явж байх жишээний. Унадаг дугуй болон мопетны замтай бол эдгээр эрсдэлүүд эрс буурах, нөгөө талдаа автомашинтай жолооч нараа замын хөдөлгөөндөө харилцан хүндэтгэлтэй, соёлтой оролцохыг уриалж байна.
Танай компанийн хувьд хүргэлтийн үйлчилгээний салбарт багагүй хугацаа өнгөрүүлсэний хувьд тодорхой тооны харилцагч, үйлчлүүлэгчтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Хүргэлтийн компанийн хувьд технологийн шийдлүүд үйл ажиллагааны цөм хэсгийг бүрдүүлдэг байх, энэ талаараа бидэнтэй хуваалцаач?
Бид эхний жилдээ том, жижиг нийлсэн нийт 60 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж зах зээлд хурдацтай танигдаж бизнес маань ч өргөжсөн. Гэхдээ хэрэглэгч олон болохын хэрээр гардаг асуудлууд нь бүгд механик ажиллагаанаас шалтгаалсан асуудлууд байсан. Анхны хөрөнгө оруулалтын хувьд найзууд өөрсдийн хуримтлалаа оруулсан бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардалд ихэвчлэн зарцуулагдсан. Тиймээс технологийн тал дээр хангалттай санхүүгийн чадамж байгаагүй учир эхэндээ яалтачгүй харилцагчаас дуудлага хүлээн авах, ажилчиддаа биечлэн уулзаж заавар чиглэл, гарч ирсэн асуудал бүрийг тухай бүр шуурхай шийдвэрлэх гэх мэт үйлдлүүд зонхиолдог. Компани удирдаж байгаа хүний хувьд гарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, зах зээлийн онцлох тоглогч буюу харилцагчиддаа илүү хүрч ажиллах ганцхан гарц нь технологийн шийдэл гэдэгт бүрэн санал нийлсэн.
Бид аль нэг улсад амжилттай хэрэгжиж буй технологийн шийдэл эсвэл бизнес санаа, загварыг шууд хуулах, үйл ажиллагаандаанэвтрүүлэх гэхээс илүүтэйгээр өөрсдийн төсөөлөл, санаан дээр тулгуурлан өөрийн орны зах зээл, хэрэглэгчийн онцлог дээр суурилсан технологийн шийдлийг хөгжүүлэн ажиллаж ирсэн. Бид өнгөрсөн 3 дугаар сард онлайн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ зориулсан вэб болон гар утасны аппликейшныг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа бол шинэ төсөл болох “Гараас Гарт ” буюу нэг удаагийн шуурхай хүргэлтийн үйлчилгээний ажилдаа ханцуй шамлан ороод байна.
Цаашид компанийн алсын хараагаа хэрхэн харж байна вэ?
Цар тахлын нөлөөгөөр Монгол Улс гэлтгүй дэлхий даяар хүмүүс гэрээсээ гаралгүй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг захиалан авах боломжтой, энэ нь тухайн хүнд тав тух, сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлээд зогсохгүй, цаг хугацааг нь хэмнэх болоод бусад олон давуу талыг бий болгосон гэж хэлж болно. Та бид хоёрын эхэнд ярьж байсан хүргэлтийн салбарын эко системийг бүрдүүлэхэд цар тахал эерэг утгаараамаш хүчтэй нөлөөллийг үзүүллээ гэж бодож байна. Тиймээс бид хүргэлтийн үйлчилгээгээ зөвхөн “онлайн”эсвэл“шуурхай” гэж баригдахгүйгээр орон нутгийн хүргэлт, хоолны хүргэлт болоод карго хүргэлтийн салбарт нэвтрэх бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Мэдээж эдгээр бизнесийн салбарт технологийн тусламжтайгаар илүү хурдан, найдвартай ажиллах боломжтой нь маргаангүй юм.
Нөгөө талдаа цар тахалтай холбоотой хүргэлтийн маш олон компаниуд шил шилээ даран байгуулагдаж байна. Энэ нь танай бизнест хэрхэн нөлөөлж байна, бодлоо хуваалцаач.
Ковид бидэнд маш олон зүйлийг ойлгуулж амьдралын шинэ хэв маяг, бизнесийн шинэ орчныг ч сургаж чадлаа. Тэгэхээр онлайн худалдааг дагаад хүргэлтийн бизнесүүд хөгжих нь цаг хугацааны л асуудал. Хүргэлтийн компаниуд их гарч ирэхийн хэрээр өрсөлдөөн бий болж чанартай хүргэлтийн үйлчилгээнүүд тогтож үлдэнэ гэж хүмүүс их ярьж байгаа. Миний хувьд өрсөлдөнө гэхээсээ илүү хамтран ажиллах хүсэлтэй байна. Хувь хүмүүс ч бай, жижиг компаниуд ч бай, том хөрөнгө оруулалттай компаниуд ч байсан бид үргэлж энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна. Бидэнд сайн туршлагуудаа солилцох, гарч болох эрсдэлүүдээс хамтдаа сэргийлэх боломжууд бий гэдэгт итгэлтэй байна.
Цагийг хэмнэж
Чанарыг эрхэмлэнэ
Мэдээж шинэ тутам хөгжиж байгаа салбар учир шантрах, эвийг нь олохгүй эргэлзэх тохиолдол олон гарч байсан байх. Тэгвэл энэ салбарт ажиллахынонцгой зүйл нь таны хувьд юу вэ?
Миний гол баримталдаг зарчим бол байгууллагын чадварлаг, мэргэшсэн ажилтнууд манай байгууллагын үнэт капитал. Үүний дараа байгууллагын технологи, арга барилууд гэж бий хэлэх дуртай. Дөнгөж саяхан л нөүтбүүктэйгээ эхлэж байсан бизнес маань өдгөө 15 ажилтантай түүний цаана 15 гэр бүлийн амьдрал, мянга мянган үйлчлүүлэгчид тав тухыг бэлэглэж, цаг хугацааг нь хэмнэж байгаа гэж бодохоор ажлаа улам сайжруулж илүү олон ажлын байрыг бий болгох, хэрэглэгчиддээ аз жаргалыг мэдрүүлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй болсон.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.