Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хоёрдугаар багийн нутаг, “Ямаан ус” хэмээх газар хаваржиж байсан айлын эхнэр, нөхөр энэ сарын 19-ний 21.00 цагийн орчимд галзуу чононд ноцуулсан хэрэг гарчээ.
Иргэн Б.Балсан эхнэрийн хамт мал үргэх чимээнээр гадагш гартал хоттой хонин дундаас нь чоно гарч ирэн, улмаар эхнэр лүү нь ноцож гэмтээсэн байна. Энэ үед иргэн Б.Балсан чоныг модоор цохисон бөгөөд нүүрэн тус газраа гэмтжээ. Тус чоно маргааш орой нь дахин тухайн айл руу дайрсан талаар нутгийн иргэд мэдээлсэн байна.
Чоныг устгалд оруулж, тархинаас нь дээж аван, Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн газарт шинжилгээнд явуулахад галзуурсан чоно болох нь тогтоогджээ. Тиймээс Баян-Өндөр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ойролцоох таван км бүс нутагт оршин буй айлуудын малд галзуугийн вакцин хийж, шархтай малыг устгалд оруулж, ариутгал хийж эхэлсэн байна.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, чононд ноцуулсан эхнэр, нөхөр хоёр эмнэлэгт очиж оёдол тавиулсан бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.