Нүүр хуудас Нийгэм Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 120 айлын орон сууц ашиглалтад орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 120 айлын орон сууц ашиглалтад орлоо

26
0

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс барилгын салбарт олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Яармаг орчмын “Е” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Андын зам констракшн” ХХК шалгарсан. Тус компани 39.9 га, 750 нэгж талбар бүхий газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах юм. Тодруулбал, 3547 айлын орон сууц, 500 айлын түрээсийн орон сууц, 1500 хүүхдийн  суудалтай ерөнхий боловсролын сургууль, 540 хүүхдийн ортой цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Төлөвлөлтийн дагуу “Е” хэсэгчилсэн талбайд оршин сууж буй 750 өрх орон сууцандаа шат дараатайгаар орж байгаа бөгөөд “Дээдсийн өргөө” хотхоны 1А, 1Б, 2А блокуудыг барьж  эхэлсэн. “Андын зам констракшн” компани нь 75 нэгж талбарыг чөлөөлж, зургаан блок барилгын суурин ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаас гурван нэгж талбарын чөлөөлөлтийг хийж, 1А блокийн 120 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Тус 1А блокт газар чөлөөлөлтөд хамрагдсан 11 айл, 1Б блокт 15 айл, 2А блокт 18 айл, нийт 2021 онд 44 айл орон сууцад орох боломжтой  болоод байгаа юм.  Иймээс Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар өнөөдөр тус компанид батламжийг нь гардууллаа. Энэ үеэр мөн оршин суугчдын төлөөлөл байрныхаа батламжийг гардан авсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 38 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр өнгөрсөн хугацаанд 1899 нэгж талбарыг чөлөөлж, 10287 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here