Нүүр хуудас Нийгэм Г.К.ЖУКОВЫН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Г.К.ЖУКОВЫН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

177
0
Г.К.ЖУКОВ
Г.К.ЖУКОВ
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. ОХУ маршалынхаа мэндэлсний түүхт ойг өнгөрсөн сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр түүний баатарлаг гавьяа, үйлсийг дурсан санаж бахархаж байна.

Манай улсын хувьд Г.К.Жуковын мэндэлсний ойг 2016 оны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, түүний үйлсийг олон нийтэд сурталчилах зорилгоор хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Түүний мэндэлсэн түүх өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Беларусь улсын Элчин сайдын яам болон бусад албаныхан, иргэд, сурагчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной болон БНХАУ, БНСУ, БНТУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, манай улсад ажиллаж амьдарч буй орос иргэд, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчид оролцож цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн сэтгэгдлээс хуваалцахад ийн ярив. “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиолоо. Ойг тохиолдуулан манай улс тэр дундаа Батлан хамгаалах салбарынхан олон арга хэмжээг зохион байгуулж, түүний баатарлаг үйлсийг залуу хойчдоо сурталчилан таниулах зорилготойгоор ажиллалаа. Түүний дайчин чанар, монголчуудын төлөө гэсэн тэр баатарлаг үйлс үеийн үед мөнхрөн, монголчууд бид бахархан хүндэлж явах учиртай.

Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Г.К.Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй. Түүхт ой тохиож буй энэ цаг хугацаанд ОХУ-д хоёр улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хуралдаан амжилттай болж байгааг онцлон илэрхийлье. Хуралдаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд маш өндөр ахиц авчирч байгаад салбарынхан бид талархаж байна.” гэсэн юм.

ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Г.М.Сулимук “Монголчууд Г.К.Жуковын ойг тэмдэглэн өнгөрүүлж, олон арга хэмжээг зохион байгууллаа. Түүний нэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд түүний тухай судлуулах, үйлсийг нь мэдрүүлэх зорилготой эссэ бичлэгийн уралдаан, гар зургийг уралдаан зохион байгуулж, түүний тухай бүтээл гаргасан байгаа. Энэ завшааныг ашиглаад түүний үйлсийг мөнхөд санан дурсаж буй монголчууддаа тэр дундаа батлан хамгаалах салбарынхандаа баярлалаа гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Албанынхан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа түүний музейд саатаж, түүний хэрэглэж байсан түүхэн үзвэрүүд, баримт бичгүүдтэй танилцаж, “Дайны хор уршиг” уран зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Ерөнхий боловсролын сурагчдын шагналыг гардуулж өгсөн юм.

Энэ дашрамд онцлоход, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас Г.К.Жуковын дурсгалын музейн үзүүллэгт бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийж үйлчилгээгээ сайжруулахаас гадна “Бидний бахархалт түүхэн баатар” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, “Дайны хор уршиг” гар зургийн уралдаан, “Монголоос тодорсон маршал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд 14 судлаачийн илтгэлийг монгол, орос хоёр хэлнээ хэлэлцүүлсэн.

Мөн ойн хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын байгуулагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохиосон, “Г.К.Жуков-түүхэн баатар” сэдэвт богино хэмжээний баримтат киног “Одон орон геофизикийн хүрээлэн”-гийн уран бүтээлчид олны хүртээл болгосон гээд олон арга хэмжээ зохион байгууллаа гэж Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч-тайлбарлагч, хошууч Д.Амартайван онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here