Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа аймгийн “Хүндэт тэмдэг” гардуулан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Завхан нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хангаж амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, монгол бөхийн дэвжээндээ бөх хүний ноён нуруу ёс жудгийг эрхэмлэн үзэгч түмнээ үргэлж баясгаж явахыг ерөөлөө. Эрхэмбаяр аварга Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны цагаан морин жил Ц.Гунаажавын тав дахь хүү болон төржээ. Дээрээ хоёр ах, хоёр эгч, дороо хоёр эрэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд бөгөөд хоёр талын бөхийн удамтай.Г.Эрхэмбаярын аав, ээж нар 1970 онд Завхан аймгийн Баянхайрхан сумаас Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод ирж суурьшжээ. Аав нь улсын заан Цэнд-Аюушаар зуучлуулж, Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд оруулж улсын харцага Г.Элбэг багшийн шавь болгосноор бөх болох замнал нь эхэлжээ. Тэр үеэс сургуулийнхаа заал, танхимын барилдаанд барилдах болсон байна. 2013 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж Монгол Улсын аварга цолыг 35 насандаа хүртсэн байна.Г.Эрхэмбаяр аварга сүүлийн үед жиу-жицу бөхөөр хичээллэж 2013 оны аравдугаар сард АНУ-ын Лонг-Бич хотноо зохиогдсон жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сениор ангиллын хөх бүсний 100 кг-д түрүүлж алтан медаль авчээ.
Мөн чөлөөт барилдаанаар спортын мастер цолтой бөх юм. Гол онцлог нь гэвэл аархуу зангүй их л даруухан төлөв зантай шударга сайхан барилддаг, үзэгчээ хүндэтгэж, элдэв ааш гаргадаггүй, монгол бөхийн дэг жаягийг чанд сахиж явдаг бөх сонирхогч олон түмний хайрыг татсан бөхийн нэг юм. Г.Эрхэмбаяр аварга бол Сэлэнгэ нутгаас төрж гарч буй хоёр дахь аварга бөх юм.Үүнээс өмнө 1818, 1825 оны даншиг долоон хошуу наадам, 1825 оны арван засгийн наадамд тус тус түрүүлж байсан тухайн үеийн Тулгат цолтой Гэндэнгийн Чойдориг аварга гэж бөх Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын суугуул бөх байжээ.