~Даргыг гэмтээсэн иргэн “Шезопрени” өвчтэй гэв~
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга А-тай маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээснээ мэдүүлсэн байна.
Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн Хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ. Харин түүний дүү Б “Манай хамаатнуудаас дүүргийн хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” гэдэг тайлбарыг өгчээ.
Гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд аж. Хохирогч А Цэргийн нэгдсэн госпиталд хэвтэн эмчилгээ хийлгэж байна.