Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарлаж, 7 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг угтан өнгөрсөн бямба гарагт буюу 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газраас “Мод суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Дархан хотын Олон Улсын худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаагаар мод тарьж, үржүүлдэг иргэд, ААН-үүд хуш, нарс, гацуур, шилмүүст болон жимсний модны суулгацуудыг борлуулж, худалдан авагчдад мод тарих заавар зөвлөгөөг өгсөн байна.
Намрын Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2 га талбайд мод тарих юм. Тиймээс аймгийн БОАЖГ-аас төрийн болон үйлдвэр, ААНБ-иудад талбайг хуваарилан хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан зааварласан албан бичгийг явуулжээ. Тиймээс иргэд, ААН-үүдийг заавар зөвлөгөөний дагуу мод тарьж, идэвхитэй оролцохыг уриалж байна.