Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.16/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан.
Тухайлбал, Зохицуулах албаны эрх, үүргийг тодорхой болгосон байна. Тус алба эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бөгөөд донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх юм байна.
Мөн донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” хэмээн өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал боловсруулжээ.
Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.