Нүүр хуудас Нийгэм Дундговьчууд 09:00 цагт ажил эхэлдэг горимд шилжлээ

Дундговьчууд 09:00 цагт ажил эхэлдэг горимд шилжлээ

99
0

Өнгөрсөн оны есдүгээр сарын нэгнээс эхлэн аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд өглөө 8 цагт ажлаа эхэлж, орой 17 цагт дуусгадаг болсон юм. Харин одоо энэ шийдвэрээ хүчингүй болгож, энэ сарын 30- ны өдрөөс эхлэн ажлын цагийг өглөө 9 цагт эхэлж, 18 цагт дуусгадаг урьдын горимд нь шилжүүлэх тухай шийдвэрийг ИТХ- ын тэргүүлэгчид  дахин гаргав.

Тухайн үед ИТХ- ын тэргүүлэгчид ажлын цагийг өөрчлөхдөө төрийн байгууллагын ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг сайжруулах үндсэн зорилготой хэмээн тайлбарлаж байсан юм. Цэцэрлэгүүд ч мөн энэ цагийн хуваарийг мөрдөх тул хүүхдээ цэцэрлэгт хүргэх, орой авах тал дээр төрийн албан хаагчдад цагийн зөрүү гарахгүй хэмээн ажлын эхлэх, дуусах цагийг өөрчилж байсан билээ.
Өвлийн улиралд өглөөний 8 цаг гэдэг хэтэрхий эрт тул цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөхөд хүндрэл учирж байгаа талаар тухайн үед зарим эцэг эх шүүмжлэлтэй хандаж, эл шийдвэрээ эргэж харахыг хүсч байсан. Захиргааны хэм хэмжээ тогтоох шийдвэр гаргахдаа олон нийтийн саналыг аваагүй хэмээн эл шийдвэртэй холбоотой гомдлыг ч иргэн Х. Отгонжаргал шүүхэд гаргаж тавьсан юм. Үүний эцэст ИТХ- ын тэргүүлэгчид тогтоолоо эргэн харж, Хуульзүйн яаманд хянуулснаар ажлын цагийг Засгийн газраас эрх шилжүүлээгүй л бол аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өөрчлөх боломжгүй гэсэн тайлбарыг авч, жилийн өмнөх тогтоолоо ийнхүү хүчингүй болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here