Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.12/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт болох аж.
Хэргийг сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.
Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх санал гаргаснаар арваннэгдүгээр сарын 1-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж шүүх хурлын товыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн 11.4.1 “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
11.6.1 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.